Ахлах сургууль | Шинэ монгол бүрэн дунд сургууль

Ахлах ангийн эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө

Дүрэмд захирагдах, үүргээ ухамсарлах
Хүүхэд тань таны өөрийн дураар шийдсэн биш гэр бүлийн бүх гишүүдийн хамт хэлэлцэж баталсан дүрмэнд захирагдаж өсөх хэрэгтэй. Дүрэмд захирагдаж өссөн хүүхэд нийгэмшилд амархан дасан зохицож, үүргээ ухамсарладаг.
Хүүхэд өөртөө дуртай нэгэн байх хэрэгтэй
Хүүхэд тань өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, өөртөө дуртай нэгэн байх хэрэгтэй. Хэрэв та түүнийг хэн нэгэнтэй харьцуулдаг, өөрийнх нь чадахгүй зүйлийг нь үргэлж эхэлж сануулдаг, өөрийнхөө бие эрхтэнд дургүйгээ илэрхийлэхэд нь үл тоодог бол тэр өөрийг нь тоох өөр нэгнийг, өөрийг нь сонсох нэгнийг хайж эхэлдэг. Гэвч тэр хүн нь танд таалагдах магадлал тун бага.
Хөдөлмөрийн хуваарьт үүрэг
Хүүхэд тань хөдөлмөрийн хуваарьт үүрэг хүлээж, түүндээ тохирсон хариуцлагаа ухамсарлаж, сайн хийсэн бол сайшаагдаж, тааруу үр дүн үзүүлсэн бол шийтгэл авдаг байх ёстой. Насанд нь тохирсон, бодитой шийтгэл байх ёстой нь мэдээж. Жишээ нь “wifi, дата 22:00 цагаас хойш хаалгах, 3 долоо хоног кинонд явах эрхээ хасуулах г.м.
Хүүхдээ бага гэж бүү бод
Хүүхдээ бага байгаа юм чинь гэж бүү бод. Тэд бүхнийг мэддэг бас мэдэрдэг. Таны эхнэрээсээ өөр хүнтэй уулздаг гэдгийг, нөхөртөө дургүй гэдгийг хүртэл тэд мэддэг. Гэвч тун тоогүй нь тэд үүний буруутанг өөрийгөө гэж боддог.
Хүүхдийн онцлогт нь тааруул
Ноомой, унжгар эсхүл дэндүү их сэтгэд хөдлөлтэй, гомдомтгой байлаа гээд таны хүүхэд асуудалтай, та хичнээн хичээсэн ч ийм байгаа бол танай хүүхэд сэтгэцийн хувьд “асуудалтай” нэгэн биш шүү. Энэ зүгээр л тэдний онцлог. Яг л алим хэзээ ч нэг ижил хэмжээ, радиустай байдаггүйтээ адил. Харин онцлогийг нь мэдэрсэн бол түүнд нь тохирох арга барилаа л олох хэрэгтэй.
Хүүхдийн сонголтыг хүндэлж, ойлгож ярилц
Хүүхэд тань хэн нэгэнд ухаан санаагаа алдтал дурлаж, түүнээс нь өөр хэн ч хэрэггүй мэт аашилж болно. Шохоорхол төдий гэж бодон үл тоох хэрэггүй. Тэдний тархинд ялгарах даавар нь хайрыг тэгж хүлээж авахад хүргэж буй хэрэг. Хаягдаж гансарсан байвал аль болох хамт байхыг хичээгээрэй. Харин одоо март, ахиад нэгэн олдож л таараа гэх нь тун бурууг санаарай. Мөн найзуудыг нь гэртээ урьж, элэгсэг харилцаарай. Энэ нь тэдэнд таныг арай өөрөөр олж харах нэг боломж шүү.
Аливаад донтох нь амархан
Өсвөр насан дээрээ хүүхэд аливаад донтох нь амархан. Учир нь өнөө л тархи, мэдрэлийн тогтолцооны ажиллагаатай л холбоотой. Түүнээс аав нь ийм байсан юм гэхчлэн хандах нь тийм ч оновчтой биш. Хамгийн гол нь хүүхэд тань танд үнэнээ л хэлдэг байх нь чухал. Юу ч болсон бай та л түүнд хамгийн түрүүнд бодогддог бол та супер аав, ээж байна аа гэсэн үг. Эсрэгээрээ танаас нуугаад байгаа бол та аав, ээж байх ажлаа хийхгүй байна гэж ойлгоорой.
Хүүхийнхээ найз шиг ярилц
Өсвөр насны хүүхдүүд аливааг ойлгож хариу үйлдэл үзүүлэхдээ хурдан, ухаантай, хүч чадалтай, ирмүүн байдаг ч тэдэнд ганцхан зүйл юу юунаас илүү хэрэгтэй. Тэр бол түүнийг ойлгодог, сонсдог, юу болох юу болохгүйг аядуу тайван, ухаалгаар хэлэх зөвлөхөөр л тэд дутдаг.
Сэтгэл мэдрэмжээ нээлттэй илэрхийлэхэд нь дэмжээрэй
Сэтгэл мэдрэмжээ нээлттэй илэрхийлэхэд нь дэмжээрэй. Хэрэв та хүүхдээ зоддог бол хүүхэд тань таны ая талд нийцүүлэхийн тулд өөрийн үнэн байдлаа далдалж таныг хуурна. Харамсалтай нь өөрийгөө хуураад зогсохгүй өөрийн “БИ”-ээ алдаж эхэлдэг.
Хүүхэд тань танаас айж, эмээдэг байх хэрэгтэй
Хүүхэд тань танаас айж, эмээдэг байх хэрэгтэй. Гэхдээ таны сүр хүч, сэтгэл хөдлөлөөс бус таныг алдах вий гэхээс айдаг байх хэрэгтэй. Энэ бол зарим нэг ээжүүдийн үхэхээрээ хайлгадгаас тэс өөр зүйл шүү. Та хүүхэдтэйгээ ээнэгшиж дотно холбоо үүсгэх нь чухал.

Ахлах сургуулийн товч танилцуулга

Шинэ Монгол ахлах сургууль нь 2000 онд байгуулагдаж, 105 сурагч, 5 багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо бага, дунд, ахлах сургуультай болж, 1500 орчим сурагч, 150 гаруй багш ажилтантай ерөнхий боловсролын сургууль болж өргөжин тэлжээ. Ахлах сургуулийн хувьд, 2020-2021 оны хичээлийн жилд 12 бүлэгтэй, бүлэг бүр 35 сурагчтай нийт 420 сурагч, 63 багш, нийгмийн ажилтан, сургалтын менежерийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Ахлах сургуулийн зорилго: Сурагч бүр зорилго, мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тууштай суралцдаг байх

Сургалтын онцлог: Бие даасан суралцагч байх, өөрийн зорилгод нийцсэн зөв арга замыг олж, түүндээ хүрэхийн тулд тасралтгүй, шаргуу хөдөлмөрлөх

Сургалтын арга зүй, шийдэл: Суралцагч өөрийн мэдлэг, чадвар, хүсэл мөрөөдөл, зорилгодоо тулгуурлан суралцах төлөвлөгөөгөө гаргаж, түүнийхээ дагуу багш нараас чиглүүлэг авах, төлөвлөгөөний биелэлтээ сар бүр тооцон, өөрийгөө урамшуулах, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх

Ахлах сургуулийн онцлог:

  • Хичээлийн А байранд нэг ээлжээр хичээллэдэг.
  • Дотоод гадаадын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад амжилттай бэлтгэж ирсэн туршлагаар нийт төгсөгчдийн 60% нь дотоодын их дээд сургуульд, 21.4 % нь Япон улсад, 18.6% бусад улсад дэвшин суралцаж байна.
  • Сурагч өөрийгөө таньж мэдэх, ирээдүйн мэргэжил сонголтоо хийн, зорилгоо тодорхойлоход нь, дэвшин суралцах их дээд сургуулиа сонгоход нь зөвлөн чиглүүлэх чиг үүрэг бүхий Карьер хөгжлийн төвтэй Монголд анхны ЕБС юм. 2014 онд байгуулагдсан Карьер хөгжлийн төв маань сурагчдад зориулан мэргэжил сонголтын цогц хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхэд бүрийн карьер-пассыг амжилттай хийхэд тусалж байна.
  • Сурагчдын хөдөлмөрч байдал, идэвх санаачилгыг дэмжих “Урам” тэтгэлэг, төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг, “Ти Ди Би лизинг” ХХК-н нэрэмжит тэтгэлэг, олимпиадын амжилтаар олгох тэтгэлэг, 10-р ангид элсэгчдэд олгох тэтгэлэг зэрэг ахлах ангийн суралцагчдыг санхүүгийн хувьд дэмжиж, сурах урам зоригийг нь нэмэгдүүлэх олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдтэй.
  • Сургуулийн захиргааны баг жилд 2 удаа ахлах ангийн бүх хүүхэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсч шийддэг уламжлалтай.
  • Япон улсын дунд, ахлах сургуулиудтай хамтарсан сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг.
  • Дотоод гадаадын ИДС-ийн элсэлтийн шалгалтад бэлтгэх ном товхимлууд, Япон сурах бичиг, багш нар санаачлан боловсруулсан олон төрлийн сурах бичиг, гарын авлагыг сургуулийн номын сангаас авч ашиглах боломжтой.
  • Англи, япон хэлийг заавал судлах ба төгсөгчдөө Япон хэлний түвшин тогтоох шалгалтад N3-аас дээш түвшин, англи хэлээр CEFR-ын В1-2 түвшинд сургахыг зорилго болгон ажилладаг. Түүнчлэн 10-р ангиас япон хэлийг анхлан суралцагчдад зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг.
  • 11-р ангиас эхлэн байгалийн болон нийгмийн ухааны чиглэлийн ангиудад сонирхлоороо хуваагдан, 12-р ангидаа Японы болон бусад улсын ИДС-д элсэн суралцах зорилгоор дэд бүлэгт дахин хуваагдан хичээллэдэг.

Сургалтын хөтөлбөр

Байгалийн ухаан

Сургалтын хөтөлбөрийн онцлог:

  • Математик, физик, хими, биологийн хичээлийн хөтөлбөрийг Япон улсын ахлах сургуулийн хөтөлбөртэй харьцуулан судалж, баяжуулан хэрэгжүүлж байна.Хөтөлбөр бүр 25-35%-ийн баяжилттай.
  • Хичээл хоорондын сэдвүүдийг нэгтгэн багцлах, анги хооронд шилжүүлэх зэргээр уялдаа холбоог нарийн гаргаж боловсруулсан.
  • Бодлогын тавилт, төрөл зэргийг олон улсын жишигт нийцүүлсэн.
  • 10-р ангиас эхлэн хичээл бүрийн агуулгыг ЭЕШ болон гадаадын ИДС-ийн элсэлтийн шалгалтад чиглэн бэлтгэдэг.
  • Гадаадын ИДС-ийн элсэлтэд бэлдэх даалгаврыг япон, англи хэл дээр судална.
  • Багш нар мэргэжлийн нэр томьёог япон, анги хэлээр бүрэн эзэмшсэн.
  • Мэргэжлийн япон хэлний хичээлийн цагтай.
  • Нийгэм болон байгалийн ухааны чиглэлээр гадаадын их дээд сургуульд элсэхэд зориулж хичээлийн хөтөлбөрийг тусгайлан боловсруулсан.

Нийгмийн ухаан

  • Нийгэм судлал, газарзүй, түүхийн хичээлийн хөтөлбөрийг Япон улсын ахлах сургуулийн хөтөлбөртэй харьцуулан судалж хэрэгжүүлдэг.
  • Монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийн хөтөлбөр нь мэдээлэл боловсруулах, нэгтгэн дүгнэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн
  • Хичээл хоорондын сэдвүүдийг нэгтгэн багцлах, анги хооронд шилжүүлэх зэргээр уялдаа холбоог нарийн гаргаж боловсруулсан.
  • ”Соого” буюу Япон улсын улс төр, эдийн засаг, эдийн засгийн газарзүй, дэлхийн түүх зэрэг хичээлийг Японы их дээд сургуульд элсэн суралцах зорилготой сурагчид сонгон судалдаг.
  • 10-р ангиас эхлэн хичээлийн агуулгыг ЭЕШ болон гадаадын ИДС-ийн элсэлтийн шалгалтад чиглүүлэн тусгайлан бэлтгэдэг.
  • Нийгмийн ухааны ангийн сурагчдыг нийгэм судлалын сэдвээр жилийн хугацаанд судалгаа хийлгэн судалгааны арга зүй эзэмшүүлэх, нийгмийн асуудлын талаар гүнзгий ойлголттой болгох зорилгоор “Төгсөлтийн ажил” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
  • Монголын болон олон улсын цаг үеийн мэдээ, мэдээлэлд дүгнэлт хийх, судлах, мэдээлэл хайх зэрэг аргыг түлхүү хэрэглэнэ.

Гадаад хэл

  • Бүх сурагчдыг N3, Японы их дээд сургуулийг зорьж байгаа бол N2-оос доошгүй түвшинд хүрсэн байх зорилт тавьж ажилладаг
  • Япон хэлний мэдлэг чадварыг богино хугацаанд ахиулах зорилготой япон хэлний зуны сургалт хичээллэдэг.
  • Англи хэлний хичээлээр хүссэн мэргэжил сургуульдаа суралцахэд шаардлагатай хэлний мэдлэг эзэмшиж, холбогдох шалгалтуудад тэнцэх боломжийг хангахыг зорьдог.
  • Гадаадын их дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөх сурагчдад туслах мэргэжилтэн Карьер хөгжлийн төвд ажилладаг

Төгсөлтийн ажил

Суралцагчдад бие даан суралцах дадал, шинжлэх ухаанч хандлага төлөвшүүлэх, судалгааны арга зүй эзэмшүүлэх зорилготой тус хөтөлбөрт их дээд сургуульд нийгмийн ухаанаар суралцах 11,12-р ангийн сурагчид хамрагдана.

Хөтөлбөр 2018 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд сурагч хичээлийн жилийн хугацаанд сонирхсон сэдвээрээ судалгаа хийнэ. Хүүхэд бүрт нийгмийн ухааны мэргэжлийн гадаад дотоодын чиглүүлэгч багш томилогдон, төгсөлтийн ажлын агуулга бүтцийг батлах, судалгаа хийхэд шаардагдах мэдээллийг боловсруулахад зааж туслах, ном сурах бичиг, эх материалыг зааж өгөх, судалгааны явцад хянах үндсэн үүрэгтэй. Төгсөлтийн ажлын явцын болон сүүлийн үнэлгээ нь тухайн суралцагчийн улирлын дүнд шууд хамаарч, судалгаа хийх явцад суралцагч тууштай байх, аливаад олон ургалч үзлээр хандах, бусдын зөвлөгөөг сонсож, өөрийн ажилд зөвөөр тусгах зэрэг чадварт суралцдаг.

Судлаач сурагч

2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа энэхүү хөтөлбөр нь сонгосон мэргэжлийнхээ дагуу бие даан судалгаа хийх боломжийг сурагчдад олгодог бөгөөд аливаад эрэл хайгуул хийх, бүтээлчээр хандах чадварыг хөгжүүлэх зорилготой. Сурагчид өөрсдийн хүсэл сонирхлын дагуу байгалийн ухаан болон нийгмийн ухааны чиглэлээр судалгаа хийж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг илрүүлж, олон нийтэд танилцуулдаг.

Хавар, намрын сургалт

Японы их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх зорилготой тус сургалтууд 2005 оноос эхлэн хэрэгжсэн. Хавар, намрын сургалтыг “Юү лангүэж” япон хэлний сургалтын төв зохион байгуулж, манай сургуулийн багш нар математик, хими, физик, япон хэл, англи хэл, сого/улс төр, эдийн засаг, дэлхийн түүх, газарзүй/ хичээлүүдийг заадаг. Намар, хаврын сургалтад төгсөгчид болон 12-р ангийн суралцагчид хамрагдана.

Хаврын сургалт нь Японы засгийн газрын тэтгэлэг болох Монбүшогийн шалгалтад бэлтгэх зорилгоор жил бүрийн 3-р сарын 4-р долоо хоногоос эхлэн 7 долоо хоногийн хугацаанд хичээллэнэ. Намрын сургалт нь манай суралцагч, төгсөгчдийн хувьд Японы их дээд сургуульд хувийн зардлаар болон ивээн тэтгэгчдийн зардлаар, хамтын ажиллагаат сургуулиудын тэтгэлгээр элсэн суралцахад тусгайлан бэлтгэх зорилготой ба жил бүрийн 9-р сарын 4-р долоо хоногоос 7 долоо хоногийн хугацаанд хичээллэнэ.

Сургуулийн ивээн тэтгэгчид болон хамтын ажиллагаатай сургуулиудын тэтгэлгээр суралцахыг хүсэж буй суралцагч, төгсөгчид хавар, намрын сургалтад хамрагдаж, сургалтаа таслахгүй, хоцрохгүй, үндсэн хичээлээ цалгардуулахгүй, хариуцлагатай суралцах шаардлагатай байдаг.

Зуны сургалт

Япон хэлийг богино хугацаанд үр дүнтэй аргаар сурах, зуны амралтыг зорилготой, өндөр бүтээмжтэй өнгөрөөхөд туслах энэхүү хөтөлбөрийн суурийг АСА-АКУА нийгэмлэгийн Мүраками Тэцүя болон Галбадрах багш нар анх санаачлан, хэрэгжүүлсэн.

2002 оноос хойш хэрэгжиж буй тус хөтөлбөр нь сурагчдад Японд сурах мөрөөдлөө биелүүлэхэд тусалдаг гол сургалтуудын нэг юм. Тус сургалтыг жил бүр Япон хэлний багш нар удирдан, Японоос ирсэн багш нарын хамт 7-р сарын 4-р долоо хоногоос 8 сарын 3-р долоо хоногийг дуустал 4 долоо хоногийн хугацаанд зохион байгуулдаг.

Зөвхөн ахлах ангийн суралцагчид гэлтгүй төгсөгчид тус сургалтад хамрагдах бүрэн боломжтой бөгөөд суралцагчдын түвшинг тогтоож, тохирсон бүлгүүдэд хуваадаг. Зуны сургалтаар япон хэлний унших, ярих, бичих, сонсох чадвартай болгохоос гадна Японы соёл, нийгмийн талаар мэдлэг олгох 考える日本語 буюу “Японоор бодож сэтгэх” хичээлд хамрагдаж, түүнийгээ бодит амьдралд туршин хэрэгжүүлэх Action Research буюу “үйлийн судалгаа” хийнэ.

Амьдрах чадварт суралцах хөтөлбөр

Тэтгэлэгт хөтөлбөрүүд

“УРАМ” тэтгэлэг

Япон улсын АСА-АКУА нийгэмлэгээс манай сургуулийн төгсөгч, сурагчдад зориулан нэрэмжит тэтгэлэгээ олгож ирсэн ба 2000-2009 оны хооронд нийт 310 сурагчид 29700 орчим ам.долларын тэтгэлэг олгосон байна.

Энэхүү “АСА-АКУА” тэтгэлгийн хөтөлбөр өндөрлөхтэй зэрэгцэн Японд суралцагч 3 дахь үеийн төгсөгчид санаачлан “Урам” тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлж байсан. Японд суралцаж буй Шинэ Монгол сургуулийн төгсөгчид сайн дурын үндсэн дээр тэтгэлгийн санг бүрдүүлж номын дүү нараа дэмждэгээрээ үнэлж баршгүй үнэ цэнтэй тэтгэлэг юм. 2009-2020 оны хооронд нийт 401 хүүхдэд 51’135’000 төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгожээ.

Урам тэтгэлгийг
  • Сурлагын амжилт төрлөөр 8 сурагч
  • Олимпиад ба уралдаан тэмцээний амжилт төрлөөр 4 сурагч
  • Нийгмийн идэвх төрлөөр 4 сурагч
  • Сурлагын ахиц төрлөөр 4 сурагчид олгоно

Ахлах сургуулийн сурагч бүр тэтгэлэгт хамрагдах эрхтэй бөгөөд жилд нийт 40 сурагчид, сурагч бүрт 5000 иентэй тэнцэх төгрөгийн тэтгэлэг олгодог.

Сурагч солилцоо хөтөлбөр

Жил бүр Япон улс руу богино хугацаагаар явах сурагч солилцооны хөтөлбөрүүд манай сургуульд бий. Ахлах сургуулийн суралцагчид Нагоя их сургуулийн харьяа дунд, ахлах сургуульд очих сурагч солилцоо хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн Японы их дээд сургуулиудтай хамтарсан “JST-Сакура сайенс”, “Jenesys 2.0” хөтөлбөрүүд хэрэгждэг.

Эдгээр хөтөлбөрийн зар ирмэгц хөтөлбөрт хамрагдах сурагчдын хүсэлтийг хүлээн авч, Карьер төвийн багш, удирдлагууд хөтөлбөрт хамрагдах сурагчдыг сонгон шалгаруулна.

Ти Ди Би лизинг тэтгэлэг

Ти Ди Би Лизинг ХХК нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Шинэ Монгол ахлах сургуулийн сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, сурч боловсрох эрмэлзлийг урамшуулан дэмжих зорилгоор 2020 оны 02-р сарын 19-ний өдрийн Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуультай хийсэн “Харилцан Ойлголцлын Санамж Бичиг”-ийн дагуу Ти Ди Би Лизинг ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийг үүсгэн байгуулсан билээ.

Ололт амжилтаараа сургуульдаа танигдсан авьяаслаг суралцагчдыг дэмжин урамшуулах зорилготой бөгөөд тэтгэлэг нь сургалтын төлбөрт зарцуулагдана.

Тэтгэлэгт хамрагдах шалгуур:
  • Нэг үеийн нийт ангийн сурагчдаас сурлагын дүнгээрээ эхний 30-д багтсан байх;
  • Ти Ди Би Лизинг ХХК-ийн тэтгэлэгт бүртгүүлсэн өдрийн байдлаар хичээл сурлагаар болон хичээлээс гадуурх аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ахиц дэвшил гаргасан байх
  • 10-12-р ангийн сурагч байх
Нөхцөл:
  • Тэтгэлгийн дүн: 1 сурагчид 1’000’000 /нэг сая/ төгрөг
  • Хамрагдах сурагчдын тоо: 10-12-р анги тус бүрээс 1 суралцагч, нийт 3 суралцагч байх
Төгсөгчдийн нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг

Манай сургуулийн төгсөгчид сурагч дүү нарынхаа сурч боловсрох хүсэл сонирхлыг нь дэмжин, өөрийгөө хөгжүүлэхэд нь хувь нэмэр оруулж, урам өгөхөд энэхүү тэтгэлгийн зорилго оршино.

Дараах болзлыг хангасан тохиолдолд төгсөгчийн нэрэмжит тэтгэлгийг олгоно.
  • Хариуцлагатай, тууштай
  • Сурч боловсрох өндөр эрмэлзэлтэй
  • Зөв хандлагатай
  • Голч дүн 80%-иас дээш /10, 11-р ангийн дүн/
  • Сахилга батын зөрчил гаргаагүй, хичээл таслалтгүй
  • Сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог
  • Торгон хил, Говь хөтөлбөр, намрын ажил, зуны сургалт гэх мэт хичээлээс гадуурх үйл ажиллагаанд бүрэн оролцсон байх
  • 12-р ангийн сурагч байх, эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй байх
  • Суралцаж байх явцад ментор буюу зөвлөн хүмүүжүүлэгчтэй болох
Тэтгэлгийн хэмжээ:
  • Тухайн хичээлийн жилийн бүтэн жилийн сургалтын төлбөр /2019 оны байдлаар 4.700.000/
10-р ангид элсэгчдэд зориулсан тэтгэлэг

10-р ангидаа элсэн сурч байгаа суралцагчид хамрагдана. Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь математик, физик, химийн хичээлээр аймаг, улсын олимпиадаас медаль хүртсэн тохиолдолд элсэлтийн шалгалтаас чөлөөлөгдөж, эхний жилдээ сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцана. Аймаг, хотын олимпиадын медальтан бол 50%, улсын олимпиадын медальтан бол 100%-ийн хөнгөлөлттэй сурна.

Олимпиадын амжилтаар олгох тэтгэлэг

Хотын олимпиадаас медаль хүртсэн суралцагчдын сургалтын төлбөрийг 50%, улсын олимпиадаас медаль хүртсэн суралцагчдын сургалтын төлбөрийг 100% хөнгөлдөг.

Тухайн сурагч хот, улсын олимпиад бүрээс медаль авбал нийт сургалтын төлбөрийн 100%-тай тэнцэх мөнгөн тэтгэлэг авна гэсэн үг. Хот, улсын олимпиадын амжилтыг үнэлсэн тус тэтгэлгийг тухайн хичээлийн жилийн 6-р сард олгоно.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа

Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл (СӨУЗ) нь суралцагчдын дуу хоолойгоо илэрхийлэх индэр бөгөөд өөрсдийн сайн дур, хүсэл сонирхлоор нэгддэг хүүхдийн оролцооны бүлэг юм.

СӨУЗ-н бүтэц нь Тэргүүн, дэд тэргүүн, клубийн ахлагчид, ангийн дарга нар, үеийн дарга нар

СӨУЗ нь дараах чиглэлтэй байдаг.

  • Нийт сурагчдаас тогтмол санал асуулга авч, холбогдох асуудлыг сургуулийн захиргаагаар шийдвэрлүүлэх
  • Санал асуулгын дүнд үндэслэн, нийт сурагчдыг хамарсан, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах
  • Клуб хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог анхаарах, уулзалтын хуваарь гаргах, хийгдэх ажлын мэдээлэл авах, нэгтгэх
  • Дугуйлан секцүүдийн санал хүсэлтийг сургуулийн захиргаанд илгээх

Ахлах сургуулийн сурагчид өөрсдөө санаачлан байгуулсан

  • Эко клуб байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах
  • “Шува” дохионы хэлний клуб
  • “Медиа клуб” мэдээлэл харилцаа
  • “Япон хэлний клуб”
  • “Англи хэлний клуб”
  • “Интракт” клуб
  • “Улаан загалмай”
  • “Лийд мэтгэлцээний клуб”
  • “Тэрэби кайги” Япон хэлээр судалгаа хийж, япон сурагчидтай онлайнаар харилцдаг
  • “Э-хон номын клуб” Япон хэл дээр ном уншиж өгдөг
  • “Шинжлэх ухаан клуб”
  • “Амьтан хамгаалах клуб”
  • “Феминист” хүний эрхийн клуб
  • “Мath” клуб математик, хими, нийгэм гээд хичээлүүд дээр бие биедээ туслан зааж суралцдаг
  • “Номын клуб”
  • “Акапелла” дууны клуб
  • Шинэ Монгол дугуйлан “Өнөр бүл төвтэй хамтран сайн дурын ажил хийдэг”
гээд сурагчид өөрсдөө бие даан үйл ажиллагаагаа санаачлан зохион байгуулдаг.

Ахлах сургуулийн суралцагчдыг эрүүл бие бялдар, урлагийн мэдрэмжтэй болгох, авьяас чадвараа нээж илрүүлэх, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөхөд нь дэмжих зорилгоор 6 төрлийн спортын секц, 13 төрлийн дугуйлан хичээллэдэг. Үүнд:

  • Сагсан бөмбөг
  • Хөл бөмбөг
  • Волейбол
  • Шатар
  • Теннис
  • Жүдо
  • Ардын бүжиг
  • Цэнгээнт бүжиг
  • Морин хуур
  • Шанз
  • Ятга
  • Лимбэ
  • Ёочин
  • Цахилгаан хөгжим
  • Уртын дуу
  • Робот загвар
  • Усан загвар
  • Оёдол загвар
  • Зураг
гээд сурагчид өөрсдөө бие даан үйл ажиллагаагаа санаачлан зохион байгуулдаг.

Секц дугуйлангууд