Мэдээллийн технологийн шинэчилсэн хөтөлбөр

Blog Single
21-р зууны иргэний зайлшгүй эзэмших нэгэн ур чадвар бол тооцоолон бодох сэтгэлгээний чадвар юм. Хүүхдээс цахим бичиг үсэгт тайлагдаж, онлайн орчинд өөрт хэрэгтэй мэдээллийг оновчтой хайж, дижитал контент бүтээдэг, зөв зохистой хэрэглээнд суралцсан тооцоолон бодох сэтгэлгээтэй байхыг орчин үеийн нийгэм шаардах болжээ. Тиймээс тэднийг мэдээлэл технологийн нийгэмд ажиллаж амьдрах чадвартай, чадварлаг боловсон хүчин болгох үүрэг бидэнд тулгараад байгаа бөгөөд эдгээр чадваруудыг эзэмшүүлэхэд мэдээллийн технологийн хичээл чухал үүрэгтэй.
Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургууль 2020-2021 оны өнгөрөгч хичээлийн жилд мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөрийн судалгааг Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн Д.Гантуул гүйцэтгэх захирлын санаачилгаар 2020 оны 9-р сараас эхлүүлэн, ШМТДС-ийн профессор Н.Даваасүрэн болон манай сургуулийн мэдээллийн технологийн багш Б.Амартүвшин, Т.Доржсүрэн нарын хамт төслийн баг бүрдүүлэн 2021 оны 2-р сарын 1-ээс буюу 2-р улирлаас 4-11-р ангийн сурагчдад шинэчилсэн агуулгаар хөтөлбөрийг 100% цахим сургалтаар хэрэгжүүлж, туршиж эхэлсэн.

Монгол улсын цөм хөтөлбөр 6-р ангиас эхлэн ордог бол ЕБШМС-ийн хөтөлбөр бага ангийн 4, 5-р ангийн сурагчдад орж эхэлж байгаа нь бага наснаасаа “компьютерийг тоглоом биш хэрэглээ” гэдгийг ойлгосноор технологийн зөв зохистой хэрэглээнд суралцаж, дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зорилготой.

Энэхүү туршилт байдлаар хичээлийг сурагчдад хүргэхдээ Бага сургуулийн 4 болон 5-р ангид нийт сурагчдыг хамруулсан бол дунд болон ахлах сургуулийн 6-аас 11-р ангийн үе тус бүрээс 40 сурагчийг өөрсдийн саналыг харгалзан сонгон авч, сургалтанд хамруулсан.
Мэдээллийн технологийн хөтөлбөрийг шинэчлэх болсон шалтгаан:
Хүүхэд бүр программист болох албагүй ч мэдээлэл технологийн талаар мэдлэгтэй байх зайлшгүй шаардлага тулгарч буй Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид амьдарч байна.
Ерөнхий боловсролын сургуульд сурагч бүр нийгмийн ухаан, байгалийн ухааны хичээлүүдийн суурь мэдлэгийг эзэмшдэгтэй адил цахим бичиг үсэг тайлагдаж, хэрэглээний чадварыг эзэмших шаардлага бий болж байна. Учир нь орчин үед заавал мэргэжлийн программист хүн гэлгүй, хувь хүн өөрийн хүсэл сонирхолд тулгуурлан өөрөө вэбсайт, блог нээж, дижитал контентийг үүсгэх нь орчин үеийн иргэний байх ёстой чадваруудын нэг болж буй билээ.

Мэдээллийн эх сурвалжийг нягталж, цахим орчинд аюулгүй байдлаа ханган, өөрийгөө зөв зохистой авч явах нь бодит орчинтой адил гэдгийг ойлгуулах шаардлага тулгарч байна.
Цахим орчинд хүмүүс янз бүрийн мэдээллийн үнэн зөвийг нягтлалгүй хуваалцаж, олонд түгээн, нэгнийгээ ёс бусаар гүтгэх, доромжлох, үе тэнгийн найз нарыгаа гадуурхах үзэгдэл Монголын нийгэмд цөөнгүй ажиглагддаг. Иймээс цахим орчинд тархаж буй мэдээ мэдээлэл нь зохиогчийн эрхтэй байна уу, хууль бус байна уу, үнэн байна уу гэдгийг хүүхэд өөрөө таньж, хуурамчаас зөвийг ялгаж салгах ёсзүйн ойлголтыг сургуулийн зүгээс зөвөөр ойлгуулах нь чухал юм. Хүүхэд багаасаа цахим орчинд дахь зохиогчийн эрх болон бусад хууль эрх зүйн мэдлэг эзэмшиж, олон нийтийн сүлжээг зүй зохистой, ёс зүйтэй, бүтээлчээр ашиглаж, мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгах, бусдад хүндэтгэлтэй хандаж сурах нь зөв юм.

Цахим орчинд өөрийн оруулсан мэдээлэл нь хувийн мэдээлэл, аюулгүй байдалд нөлөөлөхүйц эсэх, бусдыг болон өөрийгөө цахим орчны гадуурхалаас ангид байлгаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэддэг, чадварыг эзэмшсэнээр хүүхэд өөрийгөө үүсч болзошгүй эрсдлээс сэргийлж чаддаг болох юм.
Туршилтын хичээлийн явцад сурагчид дараах чадварыг эзэмшсэн:
4-р ангийн сурагчдын хувьд анх удаа мэдээлэл технологийн хичээл үзэж байсан учир, маш их сонирхож хүлээн авсан. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндсэн ойлголттой танилцах, түүнийг ашиглах, интернэтийн сүлжээ болон түүний аюулгүй ажиллагааны тухай ойлголтыг олж авч, word, excel, power point, paint зэрэг интернэт программуудын үндсэн ойлголттой болов. Эдгээр программуудыг зүгээр заах биш сурагчийн өөрийн биеийн жингийн индексийг excel программ дээр томъёогоор тооцоолох зэрэг амьдралд нь илүү ойр жишээнүүдийг өөрсдөөр нь хийлгүүлж ойлгуулж байсан. Мөн компьютерийн эд ангиудын талаарх мэдлэгийг өгсөн. Компьютерийн хулгана, гар гэх мэт.
5-р ангид 4-р ангийн сурагчдын үзсэн агуулгыг гүнзгийрүүлэн бататгаж үзсэн. Нэмэлтээр photoshop програмын суурь програм болох pixlr зургийн програмын талаарх анхан шатны чадвартай болж, word програм дээр зураг зурах, excel програм дээр тооцоолол хийх, paint програм дээр хөдөлгөөн оруулж, powerpoint програм дээр өөрийн дуртай хүүхэлдэйн киноны баатрыг хөдөлгөөнд оруулах даалгавар өгөхөд сурагчид маш их сонирхон хийж байв.
6-р ангийн сурагч excel, word, power point програмуудыг гүнзгийрүүлэн үзэж, өөрийн болон гэр бүлийн танилцуулгыг төвөггүйхэн хийж сурсан. Мөн нэмэлтээр Movie maker дээр ажиллаж сурав. Тооцооллын Scratch програм дээр тоглоомын аргаар код бичих програмчлалын суурь хичээл орж эхэлсэн. Энэ нь хүүхдийн тооцоолон бодох сэтгэхүй хөгжих суурь болох юм.
7-р ангийн сурагчид цахим орчинд өөрийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай мэдлэгийг эзэмшиж, цахим орчин дахь эрсдлээс зайлсхийх мэдлэгийг эзэмшиж авсан. Word програм дээр график зурж, excel программ дээр функц бичиж сурав.
8-р ангийн сурагч word програм дээр монгол бичгээр шивж сурсан, энэ нь амар байгаагүй ч, сурагчид маш их сонирхож байсан нь сайшаалтай. Programiz програм дээр алгоритм бодож, өөрийгөө зөв хийж байгаа эсэхийг хянаж системтэй сэтгэх суурийг тавьсан. Мөн цахим орчинд дахь зохиогчийн эрх болон бусад хууль эрх зүйн мэдлэг эзэмшиж, олон нийтийн сүлжээг зүй зохистой, бүтээлчээр ашиглаж, мэдээлийн эх сурвалжийг нягтлан шалгах, бусдад хүндэтгэлтэй хандаж, үе тэнгийн гадуурхалаас өөрийгөө хамгаалж, бусдын эрхэнд халдахгүй байх суурь ойлголтыг мэдэж авсан.
9-р ангийн сурагчид влог хийж, Google sites дээр өөрийн анхны вэб сайтаа хийж, дижитал агуулга бүтээхэд шаардлагатай мэдлэг эзэмшиж авсан.
10-р ангийн сурагч вэбсайт бүтээгч Wordpress програмыг ашиглан блог, дижитал контентийг хөгжүүлж сурсан. Үүнээс гадна өгөгдөл цуглуулж, боловсруулах суурь чадварыг эзэмшсэн.
11-р ангийн сурагч сэдвүүдийн дагуу 3D график үүсгэх мөн өгөгдлийн Access програм дээр боловсруулалт хийх, судалгаа, анализ хийж, үр дүнг графикаар тайлбарлаж, тайлан гаргаж чаддаг болсон байна.
4-р ангийн сурагчдад excel программ дээр томъёо оруулахыг, 8-р ангийн сурагчдад монгол бичгээр шивэхийг заах зэрэг нь амар байгаагүй ч, бид энэ хичээлийн жилд мэдээлэл технологийн хичээлийн туршилт хийсэн туршлага дээрээ тулгуурлан стандартын дагуу нэгж хичээлийн хөтөлбөрөө илүү сайжруулан боловсруулж ажиллаж байна. Мөн сурагчдын эрэлт хэрэгцээг судлан хөтөлбөр, агуулгаа шинэчлэн дугуйлан хичээллүүлэх ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
Аж үйлдвэрийн 4-р хувьсал буюу мэдээллийн технологийн хөгжил маш эрчимтэй явагдаж буй энэ цаг үед хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч таашгүй. Иймд ирээдүйд Монголын хүүхдүүд өөрсдөө бие даан сурч, өөрсдөө сэтгэж, өөрсдөө асуудлаа шийдвэрлэж, одооныхоос илүү нийгмийг бүтээхэд бид өөрсдийн хүч хувь нэмрээ оруулж, сурагчдаа техник технологитой хөл нийлүүлэн алхах чадвартай дижитал эрин үеийн иргэдийг бэлдэхэд хичээн ажиллах болно.

Хуваалцах:

Холбоотой мэдээ: