Монголын Ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний хөтөлбөр нь дүрмийн хичээлээр дамжуулан унших, сонсох чадварыг хөгжүүлэхэд ихэвчлэн анхаардаг тал ажиглагддаг. Шалгалтыг ч мөн ихэнхи сургуулиуд дүрэм, уншлага, сонсголоор авдаг.
Англи хэл бол орчин цагийн нийгэмд амьдрахад зайлшгүй хэрэгтэй нэг багаж хэрэгсэл нь болдог тул Шинэ Монгол сургууль сурагчдын англи хэлний боловсролд түлхүү анхаарч, 2018 оноос эхлэн хүүхдийн мэдлэг бус түвшин, ур чадварт суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл сурагчдын унших, сонсох, ярих, бичих чадварыг цогцоор эзэмшүүлэх арга шийдлийг эрэлхийлж байна.
Энэхүү бодлогын хүрээнд кэмбриджийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлэгч “Ачаръя” Шинэ Монгол англи хэлний сургалтын төвтэй хамтран, 2021-2022 оны хичээлийн шинэ жилээс “чадварт суурилсан” англи хэлний сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн давуу тал:
Хөтөлбөрийн хүрээнд Common European Framework of Reference for Languages (CEFR) буюу Европын холбооны гадаад хэл заах арга зүйн олон улсын стандартад нийцүүлэн сурагчдын чадвар, түвшинг үнэлэн хөгжүүлэхийг зорих ба Оксфордын Их сургуулиас санаачлан боловсруулсан хөтөлбөр, сурах бичиг, сургалтын материалыг ашиглан сургалтыг явуулах юм. Түүнчлэн, сургалтын зохион байгуулалтын хувьд дунд ангийн сурагчид өөрийн англи хэлний түвшинд тохирсон ангид суралцан, түвшингээ ахиулж, ахлах ангийн сурагчид зорилгоо тодорхойлон, өөрийн сонгосон чиглэлээрээ гадаадын их дээд сургуульд элсэн суралцахад шаардлагатай IELTS, SAT зэрэг шалгалтанд бэлдэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, ахлах сургуулийн сурагчдыг англи хэлний B1-2 түвшинд хүрч, англи хэлээр өөрийгөө илэрхийлж, эрэл хайгуул хийх чадвартай болж төгсгөхийг зорьж байна.
Хөтөлбөрийн дагуу хийгдэж буй ажлууд:
Шинэ Монгол сургууль бага сургуулийн 4-р ангиас эхлэн англи хэлний “Шайн инглиш” хөтөлбөрөөр сургалт явуулдаг. Хүүхэд эх хэлээ эзэмшдэг зүй тогтлыг ухаалгаар ашигласан заах арга зүйтэй энэхүү хөтөлбөрөөр дамжуулан сурагчид гадаад хэл сурч, хэрэглэхээс онцгой эмээж, залхалгүй, баяр баясалтайгаар англи хэл сурч чаддаг онцлогтой. Шинэ хөтөлбөрийг энэхүү шайн инглиш хөтөлбөрийн залгамж болгон 5-р ангиас эхлэн хэрэгжүүлж буй тул хөтөлбөрийн залгамж холбоог сайтар нягтлан судалсны үндсэн дээр нэвтрүүллээ.
Аливаа хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлэхэд багш бүрийн заах арга зүй хөтөлбөртэйгээ нийцэж байх нь гол түлхүүр болдог тул тус сургуулийн англи хэлний заах аргын нэгдлийн багш нар онлайн болон вакумжуулсан сургалтад тогтмол хамрагдаж байна.
Оксфордын сурах бичгийг оновчтой хэрэглэснээр сурагчид англи хэлээр өөрийгөө илэрхийлж сурч, хэрэгтэй мэдээллийг англи хэл дээр олж авч боловсруулах чадвар сууж, шүүмжлэлт сэтгэлгээ суух гэх мэт бодит чадвартай болох юм.
Тус сургууль нь чадвартай боловсон хүчнээр баг бүрдүүлж, багш нарын заах ур чадварыг сайжруулан, сурагчдын түвшинд суурилан, тэдний англи хэлний хэрэглээний чадварыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, цаашид ч багш, сурагчдад чиглэсэн үр дүн бүхий үйл ажиллагааг бодлогоор дэмжин тасралтгүй хэрэгжүүлэх болно.