Төгсөгчтэй ярилцъя -10-р үеийн төгсөгч З.Норжин

Blog Single

Ахлах сургуульд ямар сурагч байсан бэ гэдгээс яриагаа эхлэх үү.  

Одоо бодоход голдуу хичээлээ л хийдэг хүүхэд байсан юм байна. Гэхдээ 10-р ангид байхдаа байгалийн ухаанаар цаашид сурна гэж боддоггүй байсан л даа. Нийгмийн ухаанаар сурдаг ч юм уу гээд. Математик, англи хэлдээ сайн байсан. Тэгтэл 11-р ангиас эхлээд Нямсүрэн багшийн биологийн хичээл сонирхолтой санагдаад байгалийн ухааныг сонгон суралцсан. Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй цойлоод байдаггүй ч чадлаараа оролцдог байсан. Англи хэлний олимпиадад их ордог байсан. Хими, биологийн олимпиадад ордог байсан ч, дүүрэгтээ эхний 10-т ордог, нэг их хол явж үзээгүй ккк.

Монбүшо-д тэнцсэн мөртлөө Нагояа ИС-ийг яагаад сонгов?

Тийн, Монбүшогийн хариугаа хүлээж байхдаа Нагояа ИС-ийн G30 хөтөлбөрт өргөдлөө явуулаад зэрэг шахуу хоёулангаас нь тэнцсэн хариугаа авч байсан. Миний хувьд багаасаа англи хэл үзсэн, цаашид Америк явж магистр, докторт сурах хүсэлтэй байсан учраас G30 хөтөлбөр нь надад илүү тохирсон юм шиг санагдсан. Тэгээд Нагояа ИС руу мэйл бичээд Монбүшо тэтгэлэгт тэнцсэн юмаа, Гэхдээ танай сургуульд сурмаар байна яах вэ гэхэд Нагояа ИС цаанаа ярилцаад, за Нагояад ирж сураарай, Монбүшо-н тэтгэлгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд бөөн баяр болж байсан даа /инээв/.

Судалгааны институтдээ яаж оров, одоо  ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ?  

Их сургуулиа төгсөөд цаашид явах замаа судалж байтал манай сургуулийн нэг багш хэрвээ америк руу явбал чи магистраа хамгаалахгүйгээр шууд докторын хөтөлбөрт орж чадна гээд. Энд ихэнх докторын хөтөлбөрүүд нь таван жилийн хугацаатай, шууд бакалавраасаа элсэн орж болдог. Тэгээд хэд хэдэн их сургуулийн докторын хөтөлбөрт нь TOEFL, GRE гэдэг хэлний шалгалтаас гадна хэд хэдэн багшаас тодорхойлолт авч явуулаад, дараа нь ам ярилцлаганд орсон. Манай байгууллага био анагаахын чиглэлээр судалдаг 200 гаруй лабораторитой. Тэр дотроо манайх  тархийг эс, молекулын түвшинд хулгана дээр туршдаг. Нарийвчилбал, тархийг бүрдүүлж байгаа олон төрлийн эс, эд хэрхэн үүсэж хөгждөг механизмийг судалдаг юм. Эхний жилдээ 6 хичээл үзээд, 2-р курсээс  ажиллаж байгаа юм шиг л судалгаагаа хийгээд явдаг.

“Аутизмтэй холбоотой тархины судалгаа хийхээр 37,000 долларын санхүүжилт авч чадсан”
Аутизмтэй холбоотой судалгаа хийх гээд, санхүүжилтээ амжилттай босгож чадсан гэж сонссон. Баяр хүргэе! Энэ талаар ярьж өгөөч. 

Маш их баярлалаа. Би яг аутизмын мэргэжилтэн биш л дээ. Гэхдээ бид нарын тархийг аваад үзвэл их тархи, дунд тархи, бага тархи гээд байдаг. Тэр дотроо бага тархи буюу англиар CEREBELLUM хэмээх хэсгийг би өнгөрсөн жилээс нэлээд сонирхоод  нэг судалгааны ажлаа болгоод туршилтууд хийж эхэлсэн. Бага тархины гол үйл ажиллагааг  хөдөлгөөны тэнцвэр, зохицуулалт мөн хөдөлгөөний ой санамжтай холбож боддог. Гэхдээ ойрын үед гарч буй шинэ судалгаануудаас үзэхэд бага тархи нь хөдөлгөөний зохицуулалтаас гадна харилцааны чадвар, танин мэдэх чадварт оролцдог гэдгийг харуулаад байгаа. Надад сонирхолтой санагдсан зүйл нь судалгааны ажлуудыг уншихад аутизмтай байсан нас барсан хүмүүсийн тархийг аваад үзэхэд хамгийн түгээмэл олдсон тархины өөрчлөлт нь бага тархины анатомын өөрчлөлт байсан. Бүр нарийн авч үзвэл бага тархин доторх Пуркинье эсийн гэмтэл үйл ажиллагааны өөрчлөлтүүд нь түгээмэл олддог. Судлаачид үүнийг мэддэг ч молекулын механизм нь тодорхойгүй байгаа. Бага тархины Пуркинье эс дотор яг ямар молекул үйл явц өөрчлөгдснөөс болж энэ гэмтэл үүсээд, тэр нь  хэрхэн аутизмын шинж тэмдэг болоод байна вэ гэдгийг илүү судлах хэрэгтэйг олж харсан. Лаборатори дотроо бид мэдрэлийн эсийн хөгжилд микроРНX хэмээх биомолекулыг түлхүү судалдаг.  МикроРНХ гэдэг энэ биомолекул нь аутизмтай холбоотой гэсэн олон судалгаа, таамаглалууд байдаг учраас  МикроРНХ болон бага тархины  пуркинье эсийн уялдаа холбоотойг судалж байгаа юм. Энэ судалгааг хийснээр аутизмын үндэс суурь төдийгүй Пуркинье эсийн биологийн талаарх  мэдлэгийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа.

Тэгээд судалгааны төлөвлөлт, ач холбогдол, гарах үр дүнгээ бичиж явуулаад санхүүжилт авахаар шалгарсан. Autism Speaks гээд ашгийн бус байгууллагаас докторын түвшний оюутнууд, докторын дараах болон мэргэжлийн судлаачдын судалгааг дэмждэг. Гадаад оюутнууд ихэнх тохиолдолд хамрагдаж чаддаггүй ч энэ байгууллагын хувьд гадаад оюутнууд өргөдлөө явуулахыг зөвшөөрдөг юм байна лээ. Миний судалгаа 2 жилийн хугацаатай, жилийн 37,000 доллар. Надад  институтээс өгдөг цалин гэх үү тэтгэлэгтэй тэнцэх хэмжээний мөнгө юм.

Цаашдын карьераа хэрхэн төлөвлөж байна вэ?

Ирэх жилийн сүүлээр докторын зэргээ хамгаалахаар зорьж байна. Төгсөөд яг юу хийхээ хараахан шийдээгүй байгаа ч бодож байгаа хэд хэдэн сонголтууд бий. Докторын дараах сургалт буюу өөр лабораторид очиж шинэ судалгаа эхлүүлэх, эсвэл биотехнологи, эм эмчилгээний компанид судлаачаар ажиллах боломж байна. Ер нь судлаач болъё л гэж бодож байгаа. Аль ч замыг сонгосон хүний эрүүл мэндийн төлөө, тархи мэдрэлийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. 

Ямар хүн сайн судлаач болдог юм бол ?

Тууштай хүн юм болов уу. Бага зэргийн алдаа гаргасан ч сэтгэлээр унах биш, энэ алдаанаас юуг суралцаж болох уу, дараа юуг илүү дээр хийж чадахав, яаж  өөрийгөө сайжруулах вэ гэсэн хандлагатай хүн илүү амжилтанд хүрнэ гэж бодож байна. Том, жижиг ямар ч туршилт байсан залхууралгүй, сэтгэлээ гаргаад л хийж чаддаг хүн байх ёстой юм байна даа гэдгийг ойрд их ойлгоод байгаа. Жижиг сажиг туршилтуудыг халтуурдаад хийчихье гэдэг ч юм уу, үр дүн нь тиймэрхүү гарангуут анхнаас нь аятайхан  хийдэг байж дээ гээд бодох үе гардаг.

Коохай нартаа юу зөвлөх вэ?

Өмнө нь хэлсэнчлэн хичээлээ л хийдэг хүүхэд байсандаа бага зэрэг харамсдаг. Өөр урлаг, спортын ямар нэгэн секц дугуйланд тууштай явдаг байж дээ. Өөрийгөө бүх талаар өв тэгш хөгжүүлдэг байж гэж бодсон. Нэг их муудсан юм байхгүй ч жоохон харамсдаг гэх үү дээ. Зөвхөн битгий хичээл хичээл гэж яваарай, аль болох олон төрлийн юм хийж үзээрэй гэж зөвлөмөөр байна.  

Хуваалцах:

Холбоотой мэдээ: