Судалгааны сэдэв: Сургууль яагаад хэрэгтэй вэ?

Боловсролыг албан ба албан бус гэж ерөнхийд нь ангилдаг бол албан боловсрол (Public education) гэдэгт цэцэрлэгээс их, дээд сургууль хүртэлх төрийн болон хувийн бүх сургууль, боловсролын байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагааг хэлдэг. Үүнд заавал хамрагдвал зохих суурь боловсролыг (compulsory education) ч мөн багтааж ойлгоно. 

Суурь боловсролын хувьд улс болгон харилцан адилгүй ба Монгол улсын хувьд 9 жилийн суурь боловсролыг заавал хамрагдвал зохих гэж тодорхойлон, эцэг эхчүүдийг үүрэгжүүлсэн байдаг. “Заавал хамрагдвал зохих” гэж хуульчилсан боловсролын тухайд энэ нь иргэдийн хувьд эрх, үүрэг боловч төрийн хувьд үүрэг нь байдаг. 

Өөрөөр хэлбэл, тухайн улсын ирээдүйн иргэний хувьд эзэмшвэл зохих мэдлэг, мэдээллийн хэр хэмжээг тодорхойлж, түүнийг системтэйгээр заах үүргийг төр хүлээсэн гэсэн үг юм. 

Харин сургуульд заавал хамрагдалгүйгээр гэртээ суурь боловсрол эзэмших (home schooling) нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн улс ч байдаг ба АНУ бол үүний нэг жишээ юм. “Home schooling” гэхээр гэртээ дуртай зүйлээ хийж болно гэсэн үг биш. Харин төрөөс тогтоосон сургалтын агуулга, арга зүйн стандартын дагуу эцэг эх нь   багшлах сертификатыг авч, үүний дагуу хүүхдэдээ сургалт явуулах тогтолцоо юм. 

Энэ тогтолцоо нь ажил хийдэг эцэг эхэд нэлээд том ачаалал үүрүүлэх тул ихэнх өрхөд бараг боломжгүй зүйл юм. Гэхдээ АНУ-д суурь боловсролыг гэрээр эзэмшээд, их, дээд сургуульд элссэн хүмүүс ч цөөнгүй байдаг. Гэрээр боловсрол эзэмшснээр нэг талаас “улс төрийн идеологиор тархиа угаалгах” (дээр үед бол түгээмэл байсан), “чөлөөт сэтгэхүйгээ алдан хайрцаглагдах” гэх зэрэг сул талуудаас зайлсхийж чадна гэж зарим хүмүүс үздэг ч сургууль гэдэг бичил нийгэмд харьяалагдсанаар нийгэмшин хөгжих, бусдаас суралцах, олон сорилтуудыг даван туулж, өөрийгөө илүү таньж мэдэх зэрэг давуу талуудыг мэдрэлгүй өнгөрөх сул талтай юм. Харин үүнийг хувь хүний сонголт болгож чадсан нь АНУ шиг улсын хувьд сайшаалтай зүйл гэж хэлж болно.

Энэ удаагийн нийтлэлдээ тэрхүү “сургууль” гэдэг институцийн үүрэг, функцийг шинжлэх ухаан тэр дундаа социологийн ухааны үүднээс хэрхэн тодорхойлдог тухай авч үзсэний үндсэн дээр “сургууль” гээчийн тухай эргэцүүлж үзье.
Ер нь шинэ төрлийн корона вирусын тархалт пандемик хэмжээнд хүрсэн энэ цаг үед “хүн бүр сургуульд хамрагдах ёстой” гэдэг хэвшмэл ойлголтод “ЯАГААД?” гэдэг асуултыг тавих нь зүй ёсны санагдана. 

Төрөөс сургууль дээр хорио цээрийн дэглэм тогтоосноор цахим сургалтын нөөц боломжийг харах хэрэгцээ гарч ирлээ. Зарим эцэг эхчүүд сургуулийн ач холбогдлын талаар эргэлзэж эхэлж байна. “Ер нь энэ хотын их түгжрээнд, Монголын дүн хүйтэн өвлийн цагт сургуульд явах хэрэг байна уу? Цахим технологийг хөгжүүлээд, хүүхдүүд хичээлээ гэрээсээ хийгээд явж болох юм биш үү?” гэх бодол төрөх нь ч аргагүй мэт.

 Тэгвэл “сургууль” ер нь ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол? Нийгмийн ач холбогдол талаасаа сургууль ямар үүрэг гүйцэтгэдэг тухайд социологийн онолд тулгуурлан өргөн хүрээнд авч үзье. Хувь хүнийг сурган хүмүүжүүлж, боловсруулахаас гадна ямар нэг ач холбогдол сургуульд бий юу? 

Сургууль нь нийгэмд дараах дөрвөн том функцийг хэрэгжүүлж байдаг ба үүнийг дэлгэрүүлбэл: 

1.     Нийгэмшүүлэх (Socialization)

Тухайн нийгэмд өвлөгдөж ирсэн соёлыг хөгжлийн шатандаа байгаа гишүүддээ зөв зохистойгоор өвлүүлж, тэдэнд нийгэм дэх үүрэг ролийг ухамсарлуулан, бие даасан гишүүн болгох үйл явцыг нийгэмшүүлэх гэх бөгөөд үүнийг сургуулиар дамжуулан хэрэгжүүлнэ.  

2.     Сонгон шалгаруулалт, нийгэмд эзлэх байр суурийг хуваарилах (Selection and allocation)

Сурагчдад нийгэмд эзлэх байр сууриа шилж сонгох болон хуваарилахад сургууль голлох нөлөө үзүүлнэ. Сургуулиар дамжуулан сурагчдын нийгэмд эзлэх байр суурийг оноож хуваарилснаар нийгмийн оршин тогтнол болон цогц байдалд тустай гэсэн үг юм. Сургууль дээр карьерийн зөвлөгөө өгч, хувь хүний чадвар, онцлогт тааруулан, дараагийн шатны сургууль, ажилд чиглүүлж өгдөг нь энэ функцийн сонгодог жишээ байж болно. Өөрөөр хэлбэл, хувь хүн сургуулиар дамжуулан нийгэмд эзлэх байр сууриа урьдчилан тодорхойлдог гэсэн үг юм.

3.     Нийгмийн зохицуулагч (Social control)

Сургууль нь үндсэндээ хамт олноос бүрддэг тул хүүхдүүдийг бусадтай эвтэй харилцах, ойлголцох, хүлээн зөвшөөрөх арга ухаанд суралцуулах боломжтой газар юм. Ингэснээр нийгэмд учирч болох сөрөг үзэгдэл, хор хөнөөлийг бууруулж болох юм. Нөгөөтэйгүүр онц сурлагатан, шилдэг сурагч зэрэг үлгэр жишээ дүр төрхийг бий болгон, бусад нь түүнээс суралцах замаар “зоригжуулалт буюу aspiration”-ыг бас сургуулиар дамжуулан хийж болдог.  

4.     Зөвтгөл (Justification)

Боловсролын зорьж буй ёс суртахууны хэм хэмжээг сурагчид болон тэдний эцэг эх, цаашлаад нийгмийн гишүүн бүрд зөв гэж итгүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх чиг үүргийг сургууль гүйцэтгэдэг гэсэн үг юм. Нийгэмд зонхилох ёс суртахууны хэм хэмжээг тогтоох, “сургууль төгссөн” гэх амжилтыг хувь хүний намтарт оруулж өгснөөр чадварын үзүүлэлтийг системээр нотлож буй хэрэг юм. Нөгөөтэйгүүр сургуулиар эзэмшүүлж буй боловсролын системчлэгдсэн хийгээд алдаагүй зохион байгуулагдаж буйг нотлох, магадлан итгэмжлэгдэх тухай ойлголт ч энд хамаатай юм.  

  Ингээд социологийн ухааны өнцгөөс харахад, нийгмийг системтэйгээр хөгжүүлэх, нийгмийн үнэт соёлыг хойч үеийнхэндээ өвлүүлж, хүн бүрийг нийгмийн нэгэн гишүүн болгох нь сургуулийн гүйцэтгэдэг хамгийн чухал функц гэж хэлж болно. Энэ чиг үүргийг хамгийн сайн гүйцэтгэж чадах нь боловсролын систем мөн. 

Энэ ч утгаар нь 20-р зууны эхэнд Францын социологич Эмиль Дюрхейм “боловсрол, тэр тусмаа сургууль бол хүнийг нийгэмшүүлэх үйл ажиллагаа” гэж тодорхойлсон байдаг ажээ. Сургуулиар дамжуулан  нийгмийг хэрхэн нэгтгэн зохицуулж, хөгжүүлэх вэ, цаашлаад өөрчлөн хувьсгах вэ гэдгийг тунгааж, энэ тал дээр бодлого баримталж болно оо гэсэн үг. Сургуульд явах ач холбогдлыг зөвхөн сурч боловсрохоор хязгаарлахгүй байх нь илүү бодитой юм. 

Өнөөдөр хувь хүн хаана байсан ч сурч боловсрох боломжтой болсон үе учраас тэр тусмаа сургуулийн чиг үүргийг “нийгмийг нэгтгэн зохицуулах”, “нэг ижил үнэт зүйл бүхий нийгмийн гишүүдийг бий болгох” гэх мэт илүү өргөн хүрээнд тайлах хэрэгцээ гарч ирж байна. Хамгийн чухал нь Дюрхеймийн хэлснээр сурагчдыг хэрхэн нийгэмшүүлэх тухайд “ИДЕАЛ ИРГЭНИЙ ЗАГВАР”-ыг тодорхой бөгөөд бодитоор тодорхойлох нь нэн чухал болох нь харагдаж байна. Ийм ЗАГВАРАА тодорхойлоогүй нийгэмд боловсрол хэлбэр төдий болох аюултай. Харин тотилатор дэглэмийн боловсролоор тархи угаах аюулаас сэргийлэхийн тулд хүн болгон өндөр төвшинд шүүмжлэн дүгнэх, эргэцүүлэх чадвартай байх нь ч мөн чухал юм.

  Эдүгээ Монгол улсад дээр дурдсан функц (2) буюу “нийгэмд эзлэх байр суурийг сонгон хуваарилах” чиг үүргийг сургууль хэрхэн гүйцэтгэж буйг авч үзэхдээ дээд сургуулийн конкурс, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж үзье. Эндээс Монгол улсад ямар иргэний загварыг шаардаж буйг дүгнэж болох юм. Өнөөдөр ЭЕШ-ын сэдвийн агуулга, зохион байгуулалтын хэв маягийг харвал, хүүхдийн тооцоолон бодох чадвар, цээжилсэн мэдлэгийг л зөвхөн шалгаж байна. Их, дээд сургуулиуд өөрсдийн хэмжээнд дахин шалгаруулалт хийхгүй, зөвхөн ЭЕШ-ын оноогоор жагсаан, оюутныг элсүүлэн авч байна. 

Энэ нь хувь хүний нийгмийн чадварууд, хандлага, зорилго мотивацийг, өсөх ирээдүйг шалган дүгнэдэг төрлийн сонгон шалгаруулалтыг огт хийхгүй байна гэсэн үг. Шалгалт ямар байна, боловсролын чиг хандлага тийшээ чиглэдэг нь боловсрол судлалын хувьд аль хэдийнээ тогтоогдсон ойлголт билээ. Тэр тусмаа дээд боловсролын сонгон шалгаруулалт бол хүүхдийн нийгэмд эзлэх байр суурийг оноон хуваарилах хамгийн том функц юм. Түүнчлэн их, дээд сургуулиудын суралцагч элсүүлэх хяналтын тоо нь  элсэгчдийн тооноосоо илүү байгаа тохиолдолд сонгон шалгаруулалтын өрсөлдөөн байхгүй гэдгийг бид бодолцвол зохино. Хувь хүний боловсролын чанарын асуудлаас илүүтэй нийгмийн тогтолцоо нь  хувь хүний боловсрох чиг хандлага болон эзэмшвэл зохих мэдлэг чадварын хүрээг хэрхэн тодорхойлж байгаад бид анхаарлаа хандуулах нь зүйтэй юм.

Төгсгөлд нь Монгол улсын хувьд “зорьж буй нийгмийнхээ хамгийн бага нэгж болох хувь хүн/нийгмийн гишүүний загварыг бий болгож хараахан чадаагүй нийгэм” гэж дүгнэхээс өөр аргагүй байна. Яг л “глобалчлал” гэдэг том тэнгист төөрсөн усан онгоц нааш цааш хөвөн урсах мэт…

Хуваалцах: