Шинэ монгол сургуулийг дэмжин ажилладаг, сургуулийн талаар мэдээлэл авахаар цахим хуудсанд маань хандаж буй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Бид Монгол Улсын ирээдүйг нуруун дээрээ үүрэлцэх чадварлаг, сэтгэл зүтгэлтэй иргэдийг бэлтгэх чин хүсэл эрмэлзэл дор сургуулийнхаа үйл ажиллагааг эхлүүлээд энэ хичээлийн жилийн эхэнд түүхт 20 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Хорин жилийн хугацаанд чамгүй амжилт гарган, төгсөгчид маань “Шинэ Монголчууд” гэх нэрээр дотоод гадаадад чадварлаг, найдвартай боловсон хүчин болохоо нотлон харуулж, амжилт, аз жаргалын эзэд болоод байна. Сургалтын үйл ажиллагаандаа сурагч нэг бүрийн оюун ухаан, зүрх сэтгэл, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхийг нэн тэргүүнд зорин ажиллаж ирсэн маань ийнхүү үр шимээ өгсөн болов уу.
Бид ойн босгон дээр 20 жилийнхээ ололт, амжилт, алдаа, туршлагаа дүгнэн, 2030 он гэхэд “сурагч өөрийн удирдлагатай суралцдаг сургууль” болох шинэ зорилгоо тодорхойллоо. Энэхүү зорилго дор, сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, өөрөө төлөвлөж, сурлага хөдөлмөртөө эзэн болох дадлыг хэвшүүлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллана. Сурагчид эрдмийн их далайдаа “газрын зурагтай” урагшлах боломжийг бүрдүүлэх үүднээс хичээл бүрээр “сурагчид зориулсан хөтөлбөр”-тэй болгох, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн амьдрахад нь чухал “багаж, зэвсэг” нь болохуйц мэдээлэл технологийн өндөр ур чадвар, гадаад хэлийг чөлөөтэй хэрэглэх чадвар эзэмшүүлэхийг зорьж байна. Түүнчлэн, сурагч бүр ирээдүйн аз жаргалын эзэд байхад нь дэмжих үүднээс амьдрах ур чадварт сургах хөтөлбөрүүд болон дугуйлан секцийн бодлогоо хөгжүүлж, 8-р ангиас мэргэжил сонголтын цогц хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хорин жилийн ойн хүрээнд, сургуулийнхаа орчинг хүүхэд, багш нарт ээлтэй, оновчтой зохион байгуулалттай болгох үүднээс багагүй хөрөнгө оруулалтаар засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ цахим хуудсаа шинэчиллээ. Өнөөдөр энэхүү шинэчлэгдсэн цахим хуудсаа та бүхэндээ танилцуулж буйдаа таатай байна.
Цахим хуудсын хувьд, орчин үеийн загвар дизайн, технологийн шийдэлд нийцүүлэн өөрчилж, сургуулийн бодлого, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны талаар олон нийтэд цогц мэдээлэл хүргэхийг зорилоо. Бид цахим хуудсаараа дамжуулан цаашид та бүхэнтэйгээ илүү ойр хамтран ажиллаж, дуу хоолойг тань үйл ажиллагаандаа тусгахаар зорьж буй тул та бүхэн манай хуудасны мессенжер хэсгээр дамжуулан аливаа санал хүсэлт, сэтгэгдлээ хүргүүлж байна уу.
2021-2022 оны хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн эцэг эх, сурагч, багш нар өөрийн нэрээр цахим хуудсанд нэвтрэн, сургуулийн үйл ажиллагаа, сурагч, хүүхдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, боловсролын олон талт мэдээ мэдээллийг уншиж судлах боломжоор хангах зэргээр цахим хуудсаа улам хөгжүүлэн ажиллах болно.
Шинэ Монгол сургуулийг үеийн үед дэмжин, үнэтэй зөвлөгөө, сургаалиа хайрлаж ирсэн та бүхэндээ баярлалаа. Бид ирээдүйн аз жаргалтай, дэлхийд үнэлэгдэхүйц Монгол Улсын иргэдийг бэлтгэх их үйлсэд хамтран зүтгэгчид билээ.
Цаашид ч бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй, цэцэглэн хөгжинө гэдэгт итгэж байна.
ЕБШМС-ийн захирал Галбадрахын Тогос