Бага сургуулийн эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө

Эелдэг бас тууштай байх
Эелдэг байна гэдэг нь хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэдний онцлогийг ойлгон зөв харилцахыг хэлнэ. Харин тууштай байна гэдэг нь нөхцөл байдлыг ойлгон тууштай шийдвэр гаргана гэсэн үг юм.
Хүүхдийн хэрэгцээ шаардлагыг ойлгох
Хүүхдийнхээ юу хүсэж байгааг ойлгох. Томчуудын адил хүүхэд үргэлж хэн нэгнээр хайрлуулж, анхаарал, халамжид байхыг хүсдэг. Хүүхдийг хайхрахгүй байснаар хүүхэд бусдыг шоглох, анхаарал татахын тулд буруу үйлдэл хийж эхэлдэг.
Урт хугацаанд ашиглагдах эерэг хүмүүжлийн аргыг ашиглах
Хүүхдийг загнаж зодох нь богино хугацаанд таны хүссэн үйлдлийг хүүхдээр хийлгүүлж болох боловч хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх таны урт хугацааны зорилгод огтхон ч нэмэр болохгүй. Тиймээс судалж, ойлгож тэдэнд тохирсон хүмүүжлийг эерэг аргыг хэрэгжүүлээрэй.
Хүүхэд юу хийх чадвартайг нь ойлгуулах
Хүүхэд өөрийнхөө чадварыг таньж мэдэн гэр бүл, нийгэмдээ юу хийж чадахыг нь таниулах. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй болно.
Хүүхдэдээ амьдрах ухааныг сургах
Хүүхдийг хүмүүжүүлэх гэдэг нь хүүхдэд амьдрах ухааныг сургахыг мөн хэлнэ. Амьдрах ухаан гэдэг нь асуудлыг шийдвэрлэх чадвар, эргэцүүлэн бодох чадвар, харилцааны чадвар, өөрийгөө тайвшруулах чадвар зэргийг хэлнэ.

Бид "зөв"|чадвартай|соёлч|манлайлагч
иргэнийг бэлтгэнэ

Бага сургуулийн товч танилцуулга

Шинэ Монгол бага сургууль нь 2008 онд 3 багш 68 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Одоогоор 20 бүлэгт 600 сурагч, бага ангийн 20 багш, бусад хичээлийн 11 багш, нийгмийн ажилтан, сургалтын менежерийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Хичээлийн байрны С хэсэгт 1,4,5-р ангиуд 1-р ээлжинд, 2,3-р ангиуд 2-р ээлжинд хичээллэдэг.

Бусдад туслах, талархах сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаж, өрөөлд аз жаргал бэлэглэн, өөрийн аз жаргалыг дархалж явсу.

Шинэ Монгол сургуулийн үзэл санааны хэсгээс.

Бага сургуулийн зорилго: Хүүхэд бүрийг аз жаргалтай суралцахад дэмжлэг өгөхөд оршино

Сургалтын онцлог: “Би чадна” гэсэн урам, итгэлийг төрүүлэх

Сургалтын орчин: Сургууль нь хүүхэд бүрийн ирэх дуртай газар, сэтгэлзүйн ээлтэй орчин байх

Сургалтын арга зүй, шийдэл: Хүүхэд бүр бие биедээ тусалж, баяр баясгалантайгаар суралцах

Сургалтын үнэлгээ нь: Хүүхэд бүрийн ахиц, хөгжлийг урамшуулан ажиллах

Эцэг эхийн оролцоо: Багш, суралцагч, эцэг эх /асран хамгаалагч/ -ийн хамтын ажиллагаа, оролцоог эрхэмлэнэ.

Давуу тал:

Суралцагч өөрийн аз жаргалаа олохын тулд эрэл хайгуул хийх, бусдад туслах тэр агшинд суралцагчид баяр төрж, цаашлаад сургууль гэдэг чинь өөртөө болон өрөөлд аз жаргалыг түгээдэг газар юм байна гэдгийг мэдрэх. Ингэснээр суралцагч цаашид ямар ч үед өөрийн чиг шугам, аз жаргалын луужингаа алдахгүй атган явах үндэс болно.

  • Гэрийн даалгавар нь уялдаа холбоотой, сурагчийн ачаалал болон сонирхолд тохируулсан байна.
  • “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өдөр тутам халуун хоол цайгаар үйлчилдэг. Хоолны цэсийг сургуулийн хоолзүйч боловсруулан, эрүүл ахуйн шаардлага хяналтыг сургуулийн эмч хариуцан ажилладаг. Коридор бүрт халуун хүйтэн цэвэр усны төхөөрөмжтэй.
  • Нүд, шүд, биеийн ерөнхий хөгжлийн үнэгүй оношилгоонд сурагчдыг тогтмол хамруулдаг.
  • Сургуулийн автобус тогтсон чиглэлээр үйлчилнэ.

Сургалтын хөтөлбөрүүд

Хүрэх үр дүн:
  • 1-р ангидаа: Унших чадварт тайлах “Шинэ Монгол” аргаар уншиж сурдаг.
    Зорилго:
    • Монгол хэлээр уншиж сурч буй сурагчийг айдас бэрхшээлгүйгээр, бие даан, амжилттай хурдан уншиж сургахад оршино.
    Онцлог:
    • Бага насны хүүхдийн нүдлэн тогтоох чадварт тулгуурлана.
    • Сурагчид үсэг, үе, үг нэмэх аргаар бүтэн өгүүлбэрээр уншиж сурна.
    • Сурагч бүрийн унших чадварыг үе шаттай оношлон, ахиц хөгжлийг тодруулж, урамшуулах аргаар сургана.
    Хүрэх үр дүн:
    • Хагас жилийн дотор танил болон танил бус эхийг шууд уншиж сурна.
    • Уншихдаа үелж түгдрэхгүй шууд урсган уншдаг болно.
    • Нүдэлсэн болон сонссон үгээ зөв, цэвэр сайхан бичих чадвартай болно.
    • Цээжилснээ өөртөө итгэлтэй, бусдад ойлгомжтой, тод сайхан өгүүлж, уран яруу уншина.
  • 2-р ангидаа: Цэг, таслалын дагуу утгыг зөв гаргаж, түгдрэлгүй уншиж сураад, шинээр нүдэлж тогтоосон болон сонссон үгээ цээжээр зөв бичих чадвартай болно. Цээжилсэн зохиолоо яруу сайхан аялгуулан өгүүлж, уншсан зохиолоо өөртөө итгэлтэй, бусдад ойлгомжтой, тод сайхан ярина. Бодол санаагаа ойлгомжтой найруулан ярина.
  • 3-р ангидаа: Өгүүлбэрийн утга санааг сайтар анхаарч уншдаг болж, мэдэхгүй үг болон салаа утгыг толиос хайж, толь бичиг хэрэглэх чадварт суралцана. Цээжилсэн зохиолоо яруу сайхан аялгуулан өгүүлж, уншсан зохиолоо өөртөө итгэлтэй, бусдад ойлгомжтой, тод сайхан ярих, бодол санаагаа ойлгомжтой найруулан ярих чадвараа улам хөгжүүлнэ.
  • 4-р ангидаа: Ном зохиол уншихдаа догол мөрийн утга санааг анхаарч ойлгож уншина. Сонссон болон цээжилснээ, бодол санаагаа хурдан гүйлгэн бичих чадварт суралцаж, зөв найруулан бичих, ярих чадвартай болно. Эх хэлээрээ яруу сайхан аялгуулан өгүүлж, өөртөө итгэлтэй, бусдад ойлгомжтой, тод сайхан ярина.
  • 5-р ангидаа: Ном зохиол уншихдаа догол мөрийн утга санааг анхаарч, агуулгыг ойлгож уншина. Эх хэлээрээ хурдан гүйлгэн бичих чадварт суралцаж, зөв найруулан бичих, ярих чадвараа ахиулна. Эх хэлээрээ яруу сайхан аялгуулан өгүүлж, өөртөө итгэлтэй, бусдад ойлгомжтой, тод сайхан ярина.
  • III анги: Эх хэлээрээ өгүүлбэрийн утгыг анхаарч унших чадвартаа тулгуурлан өгүүлбэртэй бодлогыг хурдан, саадгүй бодно.
  • IV анги, V анги: Амьдрал ахуй, хэрэглээнд суурилсан аргаар чадваржуулах хичээл давамгайлна.

Мөн “Холимог бүлгийн хичээл” хичээл байдаг бөгөөд энэ нь 4,5-р ангийн багш нар чадвар тус бүрээр анги үүсгэн дадлагажин чадваржих хичээл болгон зохион байгуулж ордог. Холимог бүлгийн хичээл нь хүүхэд нэг бүрийг тухайн сонгосон чадварынх нь дагуу дадлагажин чадваржуулах зорилготой хичээл юм. /4,5-р ангийн сурагчид өөрсдийн сонгосон чадварынхаа дагуу холилдон анги болон хичээллэдэг./

Сурагчдын сонгох боломжтой чадварыг дурдвал:
  • Ном зохиол уншаад агуулгыг ойлгох чадвар,
  • Уншсан зохиолоос төрсөн сэтгэгдлээ дүгнэн ярих чадвар,
  • Уншсан зохиолоос төрсөн сэтгэгдлээ дүгнэн бичих чадвар,
  • Ахиц амжилтаа мэдээлэн ярих, бичих чадвар,
  • Зохион найруулан бичих чадвар,
  • Үг хэллэгийн баялаг- толь бичиг ашиглан үгийн утгыг тайлбарлах чадвар,
  • Эхэд анхаарлаа хандуулан унших чадвар,
  • Зөв бичих чадвар

Хүрэх үр дүн:

  • Хүүхдийн сонсох, нүдлэх чадварт тулгуурлан ярих, унших, бичих чадварыг богино хугацаанд үр дүнтэй эзэмшүүлнэ.
  • Хүүхэд эх хэлээ эзэмшдэг тэр л журмаар ямар ч дүрэм, өгүүлбэр зүйг тусгайлан заалгахгүйгээр хүүхэд өөрөө зүй тогтлыг илрүүлж, үгийн утгыг ойлгон өөрийн болгох замаар суралцана.

Хүрэх үр дүн:

  • Хүүхэд бүр 1-р ангиас эхлэн пианика, бишгүүр хөгжмөөр хөгжимдөж сурна.
  • Энгийн нотны хэмжээг ойлгож, уншиж бичнэ.
  • Дууны эгшиг, аялгуу, хэмнэл, хурд хүчдэлийг ойлгон, мэдэрч дуулах, хөгжимдөх, сонсох зэрэг чадвартай болно.

Хүрэх үр дүн:

  • Туршилтын үр дүнг таамаглах, туршилтын явцыг тэмдэглэх, үр дүнг тооцож, дүгнэлт гарган, шинэ зүйлийг туршиж үзэх сонирхол сэдэлтэй, туршилт хийх ур чадвартай болно.

Хүрэх үр дүн:

  • 1-р анги: Амьтан зурах аргачлалд сурна.
  • 2-р анги: Зурсан зургаа усан будаг ашиглан будаж сурна.
  • 3-р анги: Баримлын шавраар болон гарын доорх материалаар бүтээл хийх аргад сурна.
  • 4-5-р анги: Алслалт, байгуулалт, зохиомж хийх арга болон онолын суурь мэдлэгтэй болно

  • Хамтын буюу багийн үйл ажиллагаанд суралцана;
  • Дасгал хөдөлгөөнийг жигд, зөв гүйцэтгүүлж сургах замаар хариуцлага, тууштай байдалд сургахад анхаарна.

Хүрэх үр дүн:

  • I-III анги: Бие бялдар, уян хатан, тэнцвэрийн дасгал хөдөлгөөнийг тоонд хийж сурна. Хөгжмийн хэмнэл аялгууг мэдэрч, түүнд тохируулан гар, хөл, их биеийн хөдөлгөөний цогц дасгалыг зөв хийж сурна.
  • IV-V анги: Бие бялдар, уян хатан, тэнцвэрийн дасгал, далан дээр зогсолт, хэрэглээний гимнастикийн энгийн дасгалууд, алхалт гүйлт, үсрэлт харайлт, шидэлт дамжуулалтын дасгалын үйлдлийг ойлгож, дарааллын дагуу зөв гүйцэтгэн, модон морин дээгүүр харайх зэрэг чадварыг аюулгүй, бүрэн зөв эзэмшинэ.

хамтдаа ажилцгаая

Эцэг эхчүүдийн булан

Танилцах

Хөгжүүлэх хөтөлбөр

“Би том болж байна” хөтөлбөр

Зорилго: 1-3-р ангийн сурагчдыг цэвэр агаарт амраах явцад өөрийгөө болон өөрийн эд зүйлээ хариуцан бие даан суралцах чадварыг нь дээшлүүлэхэд оршино.

Товч танилцуулга: 2008 оноос хойш Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвтэй хамтран, сурагчдын бие даан өөрийгөө арчилж сурах хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ. Сурагчдыг ангийн багш нар хариуцаж явах бөгөөд ОУХНайрамдал төвийн бүлгийн багш нартай хамтран ажилладаг. Сурагчид эцэг эх, гэр бүлээсээ тусдаа 3 хоног тусгай хөтөлбөрт хамрагдана.

Сурагчдын сэтгэгдлээс:

Би гадаа гараад цастай тоглолоо. Цас ч надтай тоглолоо. Салхи яг надтай найзлаад байгаа юм шиг санагдсан учраас даарснаа ч мэдэлгүй удаан тоглосон. Тэгээд миний хацар их даарсан.

2-3 ангийн сурагч Г. Арууханхур

Жавартай ярьсан нь
Би гадаа цасаар тоглож байв. Тэгтэл гэнэт миний хацар маш их даарлаа." Аан жавар юм байна" гэж бодоод:

Би: Жавар аа, чи яагаад намайг алгадаад байна аа гэхэд
Жавар: Би дандаа уйдсан үедээ босоод цав цагаан царайтай хүүхдийн царайг алгаддаг гэлээ.
Би: Аан, тэгвэл чи дандаа зөөлөн алгадаарай гэхэд
Жавар : За за, тэгвэл намайг уучлаарай гэхэд нь
Би: За за, сайн байна. Хоёулаа сайн найзууд болъё гэв.

2-4 ангийн сурагч Б.Энэрэл

“Боролдой” хөтөлбөр

Зорилго: Сурагчдыг монгол ахуй, ёс заншил, малчин айлын ахуй байдал, хавар цагийн байгальтай танилцуулах замаар мэдлэг, мэдрэмжийг нь хөгжүүлэхэд оршино.

Товч танилцуулга: Тус хөтөлбөр 2015 оноос хэрэгжиж буй бөгөөд 4, 5-р ангийн багш сурагчид Төв аймгийн Эрдэнэ, Аргалант сумын малчин айлуудыг түшиглэн, сумын сургуулийн дотуур байр болон зуслангийн байранд байрлана. Хөтөлбөр 7 хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд хүүхдийн бүтээлч, сониуч байдлыг дэмжсэн танхимын бус сургалт юм.

Боролдой хөтөлбөрт хамрагдаж буй хүү/охиндоо бичсэн аав ээжийн захидлаас:

4-2 ангийн сурагч Б. Цэнгүнд:

Хүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хүү минь ээждээ 3 кг 900гр жинтэй том хүү аз жаргалыг бэлэглэн ирж байсныг ээж нь нүдэндээ харж сууна. Одоо хүү минь том болж гэрээсээ хол, эрдэмт багш нар, ангийн олон найз нартайгаа ажил хийхээр явж байна. Миний хүү чинь аав, ээжийнхээ хайртай үр, эгчийнхээ нялх дүү, дүүгийнхээ асралт сайн ах нь шүү дээ.
Миний хүү багшаа хүндэлж, ангийн олон найз нартайгаа эвтэй байж ажил сайн сураад ирээрэй. Өөртөө анхаарал тавихаа мартав аа. Дулаан хувцсаа өмсөж хоолоо сайн идээрэй. Миний хүү чинь гэр бүлийнхээ хамгийн чухал хүн шүү дээ. Дүү нь “Агаа хөдөө явсан” гээд л яриад сууж байна. Хүүдээ хайртай шүү үнсье.

ээж Т. Түмэнжаргалаас

4-3 ангийн сурагч Хайрт хүү Түвшинтөгст-өө

Сайн байна уу? Миний хөөрхөн хүү.
Миний хүү найз нартайгаа хамт цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөж байгаа байх аа. Хөдөөний амьдрал болон мал ахуйтай танилцаж олон шинэ зүйлийг сурч байгаа байх гэж бодож байна. Мөн сургуулийн дотуур байранд хөдөөгийн хүүхдүүд аав ээжээсээ хол хэрхэн бие даан амьдарч, суралцаж байгааг харж байгаа байх. Ээж нь бас сургуульд байхдаа яг тэр хүүхдүүд шиг сургуулийн дотуур байранд амьдардаг байсан. Өөрөө бие даан хувцсаа өмсөж, угааж, индүүдэж, хэнээр ч хэлүүлэлгүй гэрийн даалгавраа хийдэг байсан. Миний хүү ч одоо том болсон. Хүйтэн өдөр байвал дулаан хувцаслаж, халуун байвал нимгэн хувцсаа тааруулж өмсөж чадаж байгаа биз дээ. Бас хоолоо сайн идээд хүүхдүүдтэй хамт тоглож байгаарай.
Найз нартайгаа эвтэй, багшийнхаа үгэнд сайн ороорой миний хүү. Аав, ээж, агаа гурав нь хүүгээ байнга санаж одоо яаж байгаа бол гээд төсөөлөөд л ярьдаг юм. Хүүгээ олон шинэ зүйл сураад ирнэ гэж бодож байна аа.

Хэдхэн хоног байх болохлоор цагийг үр дүнтэй ашиглаж олон зүйл сурч, найзуудтайгаа цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөгөөд ирээрэй миний хүү. Бид энд олон сонин зүйлтэй ирэх байх гээд тэсэн ядан хүлээж байя. Хайртай шүү, хүүдээ. Эмээ сайн уугаад хоолойгоо хурдан эдгээгээрэй. Түр баяртай. Удахгүй уулзъя.

Аав Хосбаяр, Ээж Гантуяа

“Боролдой” хөтөлбөрт хамрагдсан сурагчдын сэтгэгдлээс:

Бид 7 хоног Төв аймгийн Баяндэлгэр суманд очоод ирлээ. Миний хувьд гэр бүлийнхнээсээ хол байгаа болохлоор их санаж байсан ч найзуудтайгаа байх нь сэтгэлд хоногшоод сайхан байсан.
Надад салхи салхилж байгаа нь яг л хаа нэгтээгээс хэн нэгэн над руу үлээгээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Энэ үед “Би хэн нэгнийг гомдоосон билүү?” гэж өөрөөсөө асуудаг. Хааяа даа өөрөөсөө “Чи яг хэн бэ?” гэж олон удаа асуугаад хариулж чаддаггүй.
Өнгөрсөн жил ирэхдээ тоглосоор байгаад ойр тойрноо ажиглаж чадаагүй. Одоо сайтар ажиглаж автал үнэхээр үгээр илэрхийлж чадаагүй. Тэр агаарыг нь ээ, үнэхээр цэвэр бас чийглэг. Тэр нь гайхалтай сайхан мэдрэмж төрүүлдэг.
Би энд маш олон найзтай болсон. Хэн нь ямар ааш зантайг нь ч мэдэж авсан. Мөн бусдын үгийг сайн сонсож сурсан. Хүн ямар байх ёстойг ухаарч ойлгосон.

5-2 ангийн сурагч М. Пүрэвжаргал

Надад Баяндэлгэрт байхад их хөгжилтэй, сайхан дурсамжтай өдрүүд байлаа. Агаар нь ямар сайхан юм бэ? Уулс нурууд нь ямар өндөр юм бэ? Айлын эгч ямар эелдэг юм бэ? Нөхрүүд нь ямар ажилсаг юм бэ? гээд бүх зүйлс нь цаанаа л нэг учиртай мэт байлаа.
Найзтайгаа цагийг зугаатай өнгөрүүлсэн. Резин, дээс тоглож зарим нь гар бөмбөг тоглож, хэсэг нь хөлбөмбөг тоглож бас ном уншсан. Үгийн баялагаа нэмэгдүүлж илүү их монгол үг хэллэг мэддэг болсон.
Малчин айлд очиж хөдөөний амьдралтай танилцсан. Мөн үлдсэн цагтаа ишиг хургатай тоглосон, ямар хөөрхөн гэж санана. Ийм дурсамжтай 7 хоног бэлэглэсэн сумын дотуур байрны найзууддаа болон багш нартаа баярлалаа.

5-3 ангийн сурагч Э. Маргадмаа

Бид анх удаа Баяндэлгэр буюу их зохиолч Д. Нацагдоржийн онгодоо хайрласан эх нутагт очин олон сайхан адал явдал, дурсамжаар бялхан буцаж ирлээ. Найман багт хуваагдан ажил хийлээ, олон шинэ найзуудтай болж чадлаа.
Малчны хотонд очин мэдлэгийн сандаа шинэ үгс нэмж, монгол ёс заншил, хамгийн сайхан нь монгол “сэтгэл”-ийг мэдэж авлаа.
Исгэрэх зөөлөн салхинд нүүрээ илбүүлэн аргал түүж, тал нутгийн сайхныг бишрэн, бууц цэвэрлэж, төлийн дуу цангинасан Монгол орноороо бахархлаа.
Зөв монгол хүүхэд болох амьдралын ухаанд суралцуулж, мэдрүүлж байдаг багш нартаа баярлалаа.

4-4 ангийн сурагч А. Цолмон

“Хөгжүүлэх цаг” хөтөлбөр

Зорилго: Хүүхдэд авьяас чадвараа олж нээн, мэдрэмж, мэдлэгээ хөгжүүлж, өөрийгөө таньж мэдэх боломж бүрдүүлэхэд оршино.

Товч танилцуулга: Бага сургуулийн дугуйлан, секцийг “Хөгжүүлэх цаг” нэрээр зохион байгуулж, манай багш нар өөрсдөө удирдан явуулна.
Хөгжүүлэх цагийг сурагчийн авьяас сонирхол, ачаалал даах чадвар, анги танхимын багтаамж, сургуулийн автобусаар үйлчлүүлэх цагийн хуваарь зэргийг харгалзан долоо хоногт 2 удаа хичээллүүлнэ. Хөгжүүлэх цагт урлаг спорт, танин мэдэхүйн дараах төрлүүд багтана.

Үүнд:
  1. Тоглонгоо хөгжье
  2. Театрын сургалт
  3. Хөлөгт тоглоом
  4. Жүдо
  5. Сагсан бөмбөг
  6. Бяцхан зохиолчдын клуб
  7. Бяцхан судлаач клуб
  8. Уран зураг
  9. Англи хэл
  10. Оригами
  11. Математик сонгон
  12. Ардын бүжиг
  13. Цэнгээнт бүжиг
  14. Уран сайхны гимнастик
  15. Каратэ
  16. Шатар

Хүрэх үр дүн: Сурагчид өөрсдийн сонирхлын дагуу сонголт хийж, суралцан өөрийн бүтээл болон урын сангаа баяжуулж, хөдөлгөөний эв дүйд суралцана. Энэ нь тухайн сурагчид аливаа зүйлийг сонгох, сонголтдоо үнэнч тууштай байх зан чанарыг төлөвшүүлэх, цаашид сонгон суралцах дугуйлан секцийн суурь болно.

“Авьяаслаг Шинэ Монголчууд” урлагийн наадам

Зорилго: Хийх дуртай, сонирхолтой, хөгжилтэй, чаддаг зүйлээр нь дамжуулан хүүхдийн өөртөө итгэх, бусдаас суралцах чадварыг хөгжүүлэхэд оршино.

Онцлог:

  • Шүүгчгүй, нөхөрсөг тоглолт болно;
  • Хүүхэд бүр оролцож, тайзан дээр гарна;
  • Өрсөлдөөн биш тул хүүхдэд сэтгэл зүйн таатай нөхцөл бүрдэнэ;
  • Найзуудынхаа тоглолтыг үзэж, харилцан бие биеэсээ суралцана;
  • Анги бүрээс 1-2 тоглолтыг сургуулийн тэмдэглэлт үйл ажиллагаанд урьж тоглуулна (хичээлийн шинэ жилийн нээлт, багш нарын баяр, сургуулийн ой, шинэ жил, “Дэгдээхийн жигүүр” тоглолт гэх мэт);
  • Эцэг эхчүүд боломжоороо хүрэлцэн ирж, хүүхдийнхээ ангийнханд тусалж, нөхөрсөг дотно харилцаа бүрдүүлнэ;
  • Гэр бүлээрээ ирж, тоглолт үзнэ;
  • Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сонирхлыг таньж, дэмжин туслах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэнэ.

Хүрэх үр дүн:

  • Суралцагч бүрийн оролцоог дэмжиж, багаараа нэг зорилгын төлөө нэгдэх чадварт суралцана.
  • Суралцагчийн авьяас чадварын нээн илрүүлэх, урамшуулснаар өөртө итгэх итгэлийг дээшлүүлнэ.

“Гэрийн ажил – гэрийн даалгавар” хөтөлбөр

Зорилго: Бага насны хүүхдийн сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, хичээл хоорондын уялдаа холбоог хангаж, ачааллыг тэнцүүлсэн үр өгөөжтэй даалгавраар сурагчийг хөгжүүлэхэд оршино.

Онцлог:

  • Оюуны болон биеийн хөдөлмөрийг хослуулна.
  • Хичээлийн 5 өдрийн 3 өдөрт судлагдахууны, 2 өдөрт гэрийн ажил, хөдөлмөрт суралцах даалгавар өгнө.
  • 2020 онд Боловсрол суваг телевизтэй хамтран “Сонирхолтой гэрийн даалгавар” ТВ контент бүтээж, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн.

Хүрэх үр дүн:

  • 1-р ангийн сурагчид өөрийгөө арчлах, өөртөө үйлчлэх аргаас сурна.
  • 2-р ангийн сурагчид гэрийн ажилд тусалдаг болно.
  • 3-р ангийн сурагчид гэрийн ажлаас хариуцан хийдэг болно.
  • 4-р ангийн сурагчид байгаль орчин, нийгмийг ажиглан эргэцүүлдэг болно.
  • 5-р ангийн сурагчид амьдралд шинжлэх ухаанчаар эрэл хайгуул хийх, мэдээлэл боловсруулах чадварт суралцана.

“Амжилт”-ын баяр

Зорилго: Сурч мэдээгүйг нь шалгах биш, хүүхэд мэддэг чаддаг болсон зүйлээ сургуулийн захиргаа, эцэг эхдээ үзүүлж тайлагнах замаар өөртөө итгэлтэй, дур сонирхолтой сурах, хүсэл тэмүүлэлтэй болгоход оршино.

Онцлог:

  • Улирал бүрт эзэмшвэл зохих чадваруудын жагсаалт анги бүрийн суралцагч, эцэг эхэд тодорхой байна.
  • Суралцагч, багш хоёр амжилтаа тайлагнахад бэлэн болсон үед сургуулийн захиргаа болон эцэг эхчүүдэд мэдэгдэнэ.
  • Улирлын турш суралцсан зүйлийнхээ жагсаалтаас сугалж, олны өмнө тайлагнана.

Хүрэх үр дүн: Сурагч бүр өөрийгөө үнэлэн, ахиц амжилтын мэдээллээ бичиж, эзэмшсэн чадвараа эцэг эх, асран хамгаалагчдын өмнө тайлагнадаг.
Ингэснээр өөрийгөө илэрхийлэх чадварт сурахаас гадна “БИ ЧАДАЖ БАЙНА” гэсэн итгэл авна.

“Эцэг эх, багш, суралцагчийн гуравласан уулзалт”

Зорилго: Хүүхдийн зан чанар, сурах үйл, бие даах чадвар зэргийн талаар мэдээллийг солилцож, тулгарч буй асуудлыг илрүүлэх, шийдвэрлэх, зөвлөхөд оршино.

Онцлог:

  • Сурагч өөрийн үзэл бодлоо эцэг эх, багштайгаа чөлөөтэй хуваалцах боломж бүрдэнэ;
  • Жил бүр тогтмол зохион байгуулагдана;
  • Эцэг эх, багш, сурагчийн хамтын ажиллагаа сайжирна;

Хүрэх үр дүн: Суралцагчийн тухай бодит мэдээллийг хүргэж, тухайн хичээлийн жилд ямар зорилго, чиглэлтэй ажиллах, тухайн хүүхдийн ямар чадварыг сайжруулах, урамшуулах талаар төлөвлөгөө гарган хэн хэн нь хичээн, хамтран ажилладаг.

Секц дугуйлангууд