Сургалтыг дэмжих хөтөлбөр
Онцлог
Суурь боловсролын цөм хөтөлбөрт 5-15% -ийн баяжилттайгаар сургалтаа явуулж байна. Байгалийн ухаан болон нийгмийн ухааны хичээлийн сургалтын хөтөлбөрийг япон улсын дунд сургуулийн сургалтын хөтөлбөртэй харьцуулан судалдаг.
- •6-р ангийн хувьд хими, физик, биологийн хичээлүүдийг байгалийн ухааны нэгдмэл агуулгаар сургалтын хөтөлбөр боловсруулж, байгалийн ухааны хичээлүүдийг зориулалтын кабинетэд хичээлийн цагийн 50 хүртэлх хувьд туршилт хийлгэж, шинжлэх ухаанч арга барилаар зохион байгуулдаг.
- •Нийгмийн ухааны хичээлээр Блүмийн таксономийн шалгуурт үндэслэн даалгаврын сан үүсгэж, сурагч бүр эсээ бичих, мэтгэлцээний гурван төрлөөр мэтгэлцэх чадварт суралцдаг.
- •Монгол хэлний хичээлийн агуулгад төрийн соёрхолт зохиолч агсан Д.Батбаярын сонгон түүвэрлэсэн 6-9-р ангийн сурагчдын уншвал зохих ном, зохиолыг бие даан уншиж, задлан шинжилж судалдаг.
- •Газарзүйн хичээлийн агуулгад хүрээлэн буй орчны бичил судалгаа, туршилтыг ашиглан судалгаа хийх аргазүйд суралцуулдаг.
- •Англи хэлний хичээлийн хувьд 2019 оноос "LEVEL BASED" хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Хөтөлбөрийн онцлог нь сурагч бүрийн түвшинд тохирсон агуулгаар хичээллэн, улирал бүр суралцагчийн түвшинг нь ахиулах зорилготой, сурагчдыг англи хэлний эзэмшсэн түвшин болон ирээдүйн зорилгодоо нийцүүлэн CEFR-ийн 4 түвшинд хамрагдан хичээллэх боломж олгодог. Олон улсын стандартад нийцсэн төрөл бүрийн эх сурвалж, сургалтын идэвхтэй аргуудаар үндсэн чадваруудыг эзэмшүүлэхийг зорьдог.
- •Япон хэлний хичээл нь япон хэлний JFS стандартад суурилан, олон улсын суралцагчдад зориулсан япон хэлний сурах бичгийг ашигладаг. 6-8 р ангид JLPT буюу япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох олон улсын шалгалтын N5 түвшин, 8-9 р ангид N4 түвшний суурь мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог.
Амьдрах чадварт суралцах хөтөлбөр

ХӨДӨЛМӨР СУРГАЛТ ХӨТӨЛБӨР
Зорилго: Сурагчдыг монгол ахуй соёлтой танилцуулж, байгальд амраан, хөдөлмөрөөр хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд оршино.
Тус хөтөлбөрийг 2013 оноос хойш Төв аймгийн Баянчандмань сумын Доргонотын ам хэмээх газар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2020 оны байдлаар нийт 2150 сурагч хамрагдсан байна.
- 6-8 хоногийн хугацаатай 6-7 ээлжээр хамрагддаг
- Нэг ээлжид 50-60 сурагч хамрагдаж, гэрт хуваагдан байрлана
- Сурагчдад зориулсан спорт талбай, тоног төхөөрөмжөөр тохижуулсан
Орчин үеийн тухтай орчинд бус тоггүй, гүний худгаас өөрсдөө ус авч хэрэглэдэг, ахлах тогоочийн заавраар өөрсдөө хоолоо ээлжлэн хийж, хөдөлмөрт суралцана. Айлд үнээ сааж, ажилд нь туслаад сүү таргаа авна.
Сурагчдын сэтгэгдлээс:
"Би хөдөлмөр зусланд ирээд малын таван цулыг анх удаа өөрийн гараар цэвэрлэж үзлээ. Эхэндээ сайн мэдэхгүй, эвгүй үнэртэй байсан ч сүүлдээ дасчихсан. Элэг, бөөр, ходоодыг идэхэд час хийсэн амттай байлаа."
"Хөдөлмөр сургалтын төвд амрах маш сайхан байлаа. Жирийн зуслангаас надад илүү их таалагдсан. Учир нь зөвхөн тоглож наадах биш ажил хөдөлмөр хийх нь илүү үр дүнтэй санагдсан юм."