“ShineCon26” төгсөгчдийн анхдугаар нэгдсэн уулзалт амжилттай боллоо

Тус арга хэмжээнд Шинэ Монгол сургуулийн 1-25 дугаар үеийн 320 төгсөгч, үе үеийн шавь нараа төгсгөсөн багш нарын төлөөллүүд цугларч, салбар бүрд өөрсдийн өнгө, туршлагийг бүтээж буй 12 төгсөгчийнхөө илтгэлийг сонсон, нэг өдрийг хамтдаа оюунаа цэнэглэн, урам авч өнгөрүүллээ. 12 төгсөгчийн илтгэлээс гадна, Шинэ Монгол Сургуулийн Үүсгэн байгуулагч, МУ-н Гавьяат багш Ж.Галбадрах багшийгаа модератороор урьж “Нийгмийн төлөө үүрэг хүлээхийн учир” сэдвийн дор 4 төгсөгчийн хамт панел хэлэлцүүлгийг өрнүүллээ. Төгсөгчид маань хоорондоо уулзаж, шинээр танилцан, танхим дүүрэн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, ёстой л Сургууль нь төгсөгчдөөрөө алдаршиж, Төгсөгчид нь сургуулиараа бахархсан нэг өдрийг өнгөрүүллээ. Энэхүү уулзалт дээр дуу хөөр нэмж, 12-р ангийн сурагч дүү нар нь морин хуур, бүжгийн үзүүлбэрээр бэлэг барьж, төгсөгчдөөрөө хамт сургуулийнхаа сүлд дуугаа эгшиглүүллээ. Түүнчлэн, гадаад болон дотоодод сурч, ажиллаж буй төгсөгч нартаа зориулж Тэнгэр ТВ-ийн хамт олонтой хамтран өндөр түвшний шууд дамжуулалтыг хийлээ. ShineCon уулзалт нь цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах ба олон төгсөгчдийг холбосон, цаашлаад хамтдаа асуудлыг шийдэж, хөгжлийн төлөө арга зам олдог, хамтдаа бүтээдэг орон зай болно гэдэгт итгэлтэй байна. Илтгэл тавьж бусдад урам зориг өгсөн илтгэгчид, арга хэмжээндээ хүрэлцэн ирсэн нийт төгсөгчид, багш нартаа, мөн хамтран зохион байгуулсан бүх арын албаныхандаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. “Хүн ганцаараа өчүүхэн багыг хийнэ. Харин хамтдаа илүү ихийг бүтээнэ” - ШМ Сургуулийн Үүсгэн байгуулагч, МУ-н Гавьяат багш Ж.Галбадрах