Судалгааны сэдэв: Орчин үеийн боловсролын тогтолцооны гарал үүсэл ба “хүүхдийн” үүсэл


Саяхан Монгол улсад орчин үеийн боловсролын тогтолцоо үүссэний 100 жилийн ой тохиож, хэвлэл мэдээллээр яригдаж байсныг та бүхэн санаж буй болов уу? Ер нь “орчин үеийн боловсролын тогтолцоо” гэж юу вэ? Юугаараа “орчин үе” хэмээн тодотгогддог вэ? гэдгийг мэдэхийн тулд эхлээд хүүхдийн талаарх ойлголтын түүхэн хувьслыг сөхөж үзье. Үүний тулд бид Европ тивийн ихэнх улс орнуудад “орчин үе” цаг эхэлсэн 17-р зуунд эргэн очих шаардлагатай. 

 

Хүн төрөлхтний соёл иргэншил урагшлахын хирээр боловсрол буюу хүний хөгжил, хойч үеэ бэлтгэх арга барил нь хувьсан өөрчлөгдсөөр ирсэн.

Боловсролд хүний хөгжлийн талаар томоохон өөрчлөлтийг авч ирсэн сэтгэгчдийн нэг бол яах аргагүй Щвейцар-францын гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгч, уран зохиолч, хөгжим судлаач болон хөгжмийн зохиолч Жан Жак Руссо билээ. Тэрээр хууль, иргэний нийгмийн тухай орчин үеийн цөм ойлголт болох “үндэстэн улс”-ын тухай чухал ухагдахууныг “Нийгмийн гэрээний онол”(1762) -оор дамжуулан тодорхойлсноороо хүн төрөлхтөн ба нийгмийн шинжлэх ухаанд том хувь нэмэр оруулсан юм. Түүгээр зогсохгүй, Руссо орчин үеийн боловсролын тогтолцооны суурь болох одоогийн бидний хувьд “мэдээжийн” ойлголт болох “хүүхэд” хэмээх ухагдахууныг шинэ төвшинд нээж, дэвшүүлсэн байдаг. 

Нийгэм дотор зонхилдог “мэдээж” болсон ойлголтыг шүүмжлэлтэйгээр эргэцүүлээд зогсохгүй, тэрээр гэрийн багш ба түүний сурагч гэсэн дүрээр бүтсэн уран зохиолын төрөл бүхий  “Эмиль” зохиолоороо дамжуулан, хүүхдийн тухай орчин үеийн ойлголт, хүний хөгжил, түүний мөн чанарын тухай туурвиж, түүгээрээ “хүүхэд” хэмээх ухагдахууны орчин үеийн тодорхойлолтыг гаргаж ирсэн байдаг. Тухайн үед энэхүү зохиолыг Парис хотод хэвлэхийг хориглосон байсан гэхээр, уламжлалт ойлголттой хэрхэн харшсан зохиол байсан тухай төсөөлөл төрөх биз ээ. Иймээс ч орчин үеийн боловсролын тогтолцооны гарал үүсэл, онцлогийг ярих үед “Эмиль”-ийг орхигдуулж хэзээ ч болохгүй.

 

Сүүлд 20-р зуунд, Францын түүхч Флипп Ариэс нь сүүлд,  “Ancien Regime үеийн хүүхэд ба гэр бүлийн амьдрал (L'Enfant et la Vie familiale sous l' Ancien Regime)” (1980) хэмээх зохиолоороо хүн төрөлхтний хувьд хүний хөгжлийн суурь ойлголтын өөрчлөлт хэрхэн бий болсон тухай сонирхолтой дүн шинжилгээ хийсэн байдаг. Энэ нь нийгмийн шинжлэх ухаан, тэр тусмаа боловсрол, сурган хүмүүжүүлэх ухааны салбарт асар том цохилт болсон юм. Түүний дүн шинжилгээний  хэсгээс танилцуулбал, орчин үеэс өмнө буюу дундад зуунд (Руссо-с өмнө), хүмүүс хүүхдийг 7, 8 нас хүрмэгц оюун ухаан, биеийн хөгжлийн хувьд том хүнээс ялгаагүй мэтээр авч үздэг байсан байна. Хүүхдүүд хар бор ажилд туслахаас эхлүүлээд том хүний хийдэг ихэнх зүйлсийг хийхээс өөр аргагүй байдалд байж ээ. Бүр хүүхдийн тоглоом ч байдаггүй байв. Яагаад 7, 8 нас вэ гэвэл тэдний үг яриа нь хангалттай хөгжсөн байдаг нас тул харилцан ойлголцоход асуудалгүй болдог нас учраас юм.  Нөгөөтээгүүр бага насны хүүхдүүдийг адгуустай адил хэмжээнд авч үздэг байсан тул, хүүхдийн эндэлт маш өндөр хувьтай байсан гэдэг. Анагаах ухааны хөгжил хангалтгүй байснаас гадна, хүүхэдтэй нохой адгуус мэт харьцах нь ховор үзэгдэл биш байсан бөгөөд нярай хүүхдийн хөгжлийн онцлогийг хангалттай мэдэхгүйгээс болж бүтээх, дарж алах зэрэг ослууд маш их гарч байсан гэдэг. 4 төрөөд 2 хүүхдээ алдсан гэх нь энгийн явдал байсан гэх бодит түүхүүдээс харахад, 20-р зууны эхэн үеийн Монголын (орчин үеийн боловсролын тогтолцоо үүссэн үе) нөхцөл байдалтай төстэй талууд ч байх шиг.

 

Хүүхдүүдийн нас, хөгжлийн үе шатанд нь тааруулж мэдлэг, хүмүүжил олгох нь өнөөгийн нийгэмд “мэдээжийн” ойлголт бол 17-р зуунд огтхон ч мэдээжийн зүйл биш байсан гэдгийг төсөөлөөд үзэхэд л үнэхээр хачирхалтай. Руссо “Эмиль” зохиол дээрээ хүний хөгжлийг балчир бага нас, хүүхэд нас, идэр нас хэмээн томоор ангилсан байдаг. Нас бүрийн бие физиологи, оюун ухааных нь онцлогт тааруулан гаднаас үзүүлж болох дэмжлэг, тэр үе шат бүрд нь зохистой сурган хүмүүжүүлэх талаар амжилттай идеал жишээг татан авч өгүүлсэн байдаг. Тэрээр хүнийг ямар нэгэн гаднын мэдлэг мэдээлэл, чадвараар хэлбэрт оруулахаас илүүтэйгээр хүүхдийн өөрийнх нь мэдрэмж, мэдлэгт суурилан сургах нь зүйтэй гэсэн үндсэн философитой. Түүний энэ үзэл бодлоос үүдсэн орчин үеийн боловсролын тогтолцооны томоохон онцлог бол хүүхдийн танин мэдэхүйн (cognitive) ойлголтод үндэслэн боловсролыг үе шаттайгаар явуулдагт оршиж байна. Харин өмнө нь гэрээр ганцаарчлах байдлаар юм уу цөөн тоогоор чинээлэг давхаргын хүүхдүүдэд явуулдаг байсан сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг сургууль хэмээх нэгдсэн системээр дамжуулан хүн болгонд хүртээдэг болсноор массын боловсролын тогтолцоо бий болсон ба энэ бол яах аргагүй орчин үеийн боловсролын тогтолцооны томоохон онцлогийн нэг мөн билээ. Орчин үеийн Швейцарын сэтгэл судлаач Жан Пиаже (Jean Piaget) зэрэг эрдэмтдийн дэвшүүлсэн хүүхдийн ёс суртахууны хөгжлийн тухай тодорхойлолтууд хүртэл эндээс л үүдэлтэй гэж хэлж болно.

 

Мөн түүгээр зогсохгүй орчин үеийн боловсролын тогтолцоо үүссэнээрээ (түүнээс өмнөх үетэй харилцуулаад авч үзвэл), хүүхдэд “цэвэр ариухан, гэнэн цайлган” гэх тодорхойлолтыг өгч, хүүхэд насыг хүүхэд насаар нь үлдээх, том хүн шиг авч үзэхгүй байх тухай тодорхойлдог болсон. Улмаар насанд хүртэл нь бэлгийн харилцаанд орох, архи дарс уух, гэрлэх зэргийг хориглож, “гэнэн цайлган, сурч боловсордог” хүүхэд нас гэх ойлголтыг бий болгосон юм. Тэр тусмаа орчин үеийн эхэн үе нь  (18-р зууны үед) сургуулийн хувьд дотуур байрны тогтолцооны үе байсан ба хүүхдүүдэд тавигдах хараа хяналт маш ихээр нэмэгдсэн байдаг. 1970-аад оны үед боловсролын тогтолцооны хараа хяналт нь хэт туйлшралын хэмжээнд буюу үйлдвэрийн дамжлага шат мэт процесс болж хувирсан тохиолдлууд цөөнгүй улс орнуудад нийтлэг байдлаар тулгарсан байдаг. Өнөө цагт ялгаатай байсан улс орнуудын боловсролын тогтолцоо нь ОУ-ын төвшинд стандартчилагдаж байгаатай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн сурах хугацаа нь 12 жил болон сунгагдсан нь ч орчин үеийн боловсролын тогтолцооны туйлшралын тод жишээ гэж хэлж болно. Харин 1990-ээд оноос хойш судлаачид “пост-орчин үеийн” тухай шуугилдан хэлэлцсээр ирсэн ба орчин үеийн дараагийн цаг үе нь бидний өнөөдөр амьдарч байгаа “мэдээж”-ийг үгүй болгосон тэс ондоо прадигм уруу бидний хүүхдүүд, ач зээ нарыг хөтлөх болов уу хэмээн ам нийлүүлэн мэтгэлцэж байна.

Хуваалцах: