“Хүүхдээ бусадтай зөвшилцөж сургах”
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд ээ! “хүүхдээ хэрхэн чиглүүлэх, хүмүүжүүлэх” талаар хамтдаа эргэцүүлээд нэг үзэх үү?
Тоглоомын талбай дээр хүүхдээ тоглуулж байхад зарим эцэг эхчүүд хүүхдэдээ: “Миний хүү урдуур нь ор ор! Алив ээ наад хүүхдээ хүлээж яадаг юм!” гэх мэт үгсийн хэлэх нь цөөнгүй сонсогддог нь үнэн. Бид ер нь хүүхдэдээ бусад хүүхдүүдтэй хэрхэн харилцах талаар хэрхэн хэлж, чиглүүлж өгөх хэрэгтэй вэ? Учир нь бусад хүүхдүүдтэй харилцахад суралцах, олны дунд хэрхэн өөрийгөө авч явах нь хүүхэд насан туршдаа бусадтай харилцах үндэс нь болж, бусдыг хэрхэн хүлээн авах цаашлаад өөрийгөө хэрхэн хүлээн авахтай салшгүй холбоотой байдаг.
Дээрх эцэг эхийн үйлдэлтэй таны үйлдэл хэрхэн зөрүүтэй вэ? Та доорх асуултын аль нэгийг нь сонгоод үзээрэй.
1. Ер нь ойролцоо, санал нэг байна. Яагаад гэвэл хүний доор орж дээрэлхүүлээд явдаг хүүхэд байснаас хүчтэй өөртэй итгэлтэй хүүхэд байх нь чухал.
2. Мэдэхгүй, энэ тухай эргэцүүлж бодож байгаагүй, хүүхдэдээ шаардлага тавьж байсан удаа байхгүй.
3. Огт өөр. Аль болох айлын хүүхдүүдийг хүлээ гэж шаарддаг.
Тэгвэл эцэг эхийн энэхүү хандлага, өдөр тутмын жижиг үйлдэлд, бусадтай харилцах тал дээр хүүхдэдээ өгсөн чиглүүлэг нь хүүхдийн нийгэмшилд асар их нөлөөлдөг талаар шинжлэх ухаанчид тэр тусмаа хүүхдийн сэтгэл судлаачид олон зүйлийг олж илрүүлсэн байдаг. Бид эдгээр гурван төрлийн (мэдээж өөр олон төрөл байж болно) хандлагын аль нэгийг нь зөв, та заавал тийм байх ёстой гэсэн зүйлийг ярих хэрэггүй нь мэдээж. Хүн болгон өөрийнхөөрөө үр хүүхдээ хайрлан чиглүүлдэг. Харин бидний хүүхэд ирээдүйд ямар нийгэмд ямар хүмүүстэй хамт амьдрах, хэрхэн биеэ авч явах нь зохистой байх бол гэдэг асуудлыг хөндөх, бид хамтдаа эргэцүүлэн ярилцах, цаашлаад тэрхүү ирээдүйд эцэг эхчүүд нэг зүг рүү харж, хүүхдээ бэлдэх нь нийгмийн хөгжил гэж хэлж болно. Нийгмийн хөгжил гэдэг том асуудал боловч гэр бүл болоод сургуулийн боловсролоос асар их нөлөөтэй байдаг тухай энд нурших шаардлагагүй юм.
Дээрх сонголтуудын тухай тус бүрээр нь хамтдаа эргэцүүлье!
Сонголт1. Ер нь ойролцоо, санал нэг байна. Яагаад гэвэл хүний доор орж дээрэлхүүлээд явдаг хүүхэд байснаас хүчтэй өөртэй итгэлтэй хүүхэд байх нь чухал.
Өөрийн хүүхдийг сайн яваасай гэсэн эцэг эхчүүд бид бүгд л хүүхдээ айлын хүүхдүүдэд дээрэлхүүлэхээргүй хүч тэнхээтэй өөртөө итгэлтэй байгаасай гэж боддог. Харин бага насны хүүхдийн хүлээн авах арга нь том хүнээс ондоо гэдгийг энд анхаарах ёстой. Тэднийг өөртөө итгэлтэй болгохын тулд том хүмүүст зөвлөх маягийн аргаар чиглүүлэх нь маш буруу үр дагаврыг авч ирэх аюултай. Хүүхэд юмс үзэгдлийг тухайн хөгжлийн үе шат, нас насандаа өөр өөрөөр хүлээн авдаг. Иймээс насанд хүрсэн томчуудын амнаас хүүхдэд хандан, бусад хүүхдийг өөрөөсөө дорд үзэх, урдуур нь орох хүндлэхгүй байж болно гэдэг чиглүүлэг, үгийг хэлэх нь өөрийгөө болон нийгмээ хайрлах чадвар, үнэлэмжийг бууруулах буруу үр дагавартай. Нэгдүгээрт тэд хүнийг ба амьд амьтныг хайрлах нинжин сэтгэл, “хайрлан энэрэх” тухай гажиг ойлголттой болох. Хоёрдугаарт хүчтэй нь сул доройгоо мөхөөдөг, байгалийн шалгарлаар амьдрах нь зүйтэй гэсэн зэрлэг, нийгмийн бус амьтанлаг шинж чанартай болж болох, хувиа хичээсэн чанартай, бусдыг сонсож хүндлэх чадваргүй болох.
Харин та хүүхдээ өөртөө итгэлтэй болгох хүмүүжлийг, хүнийг хүндлэхгүй бусдын эрх ашиг дээр гишгэж мундгаа батлах гэдэгтэй хольж хутгаж огт болохгүй шүү.
Сонголт2. Мэдэхгүй, энэ тухай эргэцүүлж бодож байгаагүй эвсэл хүүхдэдээ шаардлага тавьж байсан удаа байхгүй.
Дээр дурдсанчлан жижиг үйлдэл дээр л хүүхдийн ерөнхий том хандлагыг чиглүүлэх боломжтой. Байнга үглээд байх нь утгагүй хэрэг хэдий ч буруу зүйл дээр бат зогсдог, түүнийгээ үе үе ойлгуулж хэлэх нь сургуулийн өмнөх насны хүүхдэд маш чухал байдаг. Ялангуяа бусад хүүхдийг хэрхэн хүлээж авах, харилцааны тал дээр анхаарах, хүүхдээ буруу зүйл хийхэд нь бусдаас өмөөрөлгүй тэдний урдаа зогсоогоод зориудаар загнаж ойлгуулах хэрэгтэй үе ч байна. “Зүгээр нэг жаахан хүүхдүүдийн л асуудал шүү дээ” гэж бодож болохгүй бөгөөд тэдний дунд орж шүүх биш, өөрийнхөө хүүхдийг ийм зүйлд зөвөөр залж, зөв бурууг ойлгуулах нь чухал. Бага насны хүүхдийн хоорондын харилцаа, анги хамт олны дунд өөрийн үүрэг ролийг гүйцэтгэж чаддаг нэгэн болох нь хичээл хийх унших чадвараас илүүтэйгээр хүнд хэрэгтэй чадвар хэмээн одоо дэлхийд олонтоо яригддаг болж ээ. Үүнд ОУ-ын Писа (PISA) шалгалтыг явуулдаг OECD-ийн 21-р зууны 3 чадварын нэгт “бусадтай хамтран ажиллах чадвар”-ыг заасан нь үүнийг тодорхойлж байна. Өөрийгөө болон бусдыг хэрхэн хүлээн авах нь гэр бүлийн харилцаа, хүмүүжлээс эхэлнэ. Сургууль цэцэрлэгийн боловсролын хязгаар энэ цэгт харагдана. Үүнийг социологийн ухаанд “соёлын капитал” хэмээдэг. Бид үр хүүхдүүдээ эд зүйл бус ийм соёлын хөрөнгийг өвлүүлж өгөхийн тулд өдөр тутмын харилцаа, жижиг үйлдэл дээрээ “нийгэмшүүлж” өгч чадвал тэд нэгнийгээ энэрч, эв нэгдэлтэй нийгмийг бүрдүүлж эхэлнэ. Тиймээс та хүүхдээ хэрэгтэй үед нь чиглүүлэх үйлээс залхуурч болохгүй юм шүү. Энэ тухай үргэлж бодож, зөвийг эрэлхийлж, зөвийг харуулж явах нь эцэг эхийн үүрэг.
Сонголт3. Огт өөр. Аль болох айлын хүүхдүүдийг хүлээ гэж шаарддаг.
Энэ нь бусдыг хүндэлдэг хүний нийгэмд амьдрахад хүүхдүүдээ хүмүүжүүлэх эцэг эхчүүдэд чухал хандлага мөн. Харин яг өдөр тутамдаа хэрхэн чиглүүлэх аргаа маш сайн бодох хэрэгтэй. Тиймээс бусад хүүхдийг хүндлэх, өөрөө бусдаас авахдаа дуртай байдаг тусламжаа бусдад бас хийж хоёр талдаа сэтгэл ханамжтай байх талаар хэлж өгөх нь чухал. Харин нөгөөтээгүүр хүүхдээсээ илүү бусдаас эмээх, эцэг эх нь өөрийн байр суурийг, өөрөө бусдад ямар харагдахыг бодож ийм үйлдэл хийгээд байвал хүүхэд хөөрхийлөлтэй болж, хүүхдийн тань өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах сөрөг талтай. Тэрхүү хачрыг зөв тааруулж, “хайр нь дотроо хал нь гаднаа” гэдэг Монголчуудын сайхан ухаанаар хүүхдээ нэг дүгээрт тавьж тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл рүү тэдний байр суурь, хөгжлийн онцлогийг харгалзан чиглүүлж өгөх нь маш чухал. Хэрэгтэй гэсэн үедээ хогийн шүүр бариад уурлаж харуулах нь ч эм болдог.
Өөртөө илтгэлтэй болох нь цаашдын амьдралд нэн чухал чанар бөгөөд үүнийг дараагийн хэсэгтээ хамтдаа эргэцүүлье. Жич, эцэг эхчүүд маань хангалттай үр хүүхдээ хайрлаж хүмүүжүүлэхэд сэтгэл санаагаа чилээж байдаг бөгөөд энэхүү буланд бичсэн санаа нь эцэг эхчүүдийг шүүмжлэх зорилготой биш, харин ч хамт хэрхэн? гэдгийг бодох эхлэл болоосой гэсэн зорилготой билээ.
Хүүхдийг өөрийн манайх гэж ялгалгүй хамтдаа нийгмээрээ өсгөх, харж хамгаалах хандлага нь хөгжингүй оронд илбэг анзаарагддаг. Яагаад гэвэл дор хаяж бидний хүүхдийн ирээдүйн найз нөхөд, хань ижил хамтдаа ажиллах хамт олон нь бас тэдний дотор байгаа учраас... Миний хүүхэд сайхан амьдраасай гэвэл миний хүүхдийн найзуудыг ч бас зөв чиглүүлэх, эцэг эхчүүд цаашлаад бүх томчууд хүүхдэд үлгэр жишээ болж, нэг баг байх шаардлага гарч ирж байна. Нийгэмд хүн болгон нэг нэгэнтэйгээ нийцэж амьдарна гэдэг бол хүүхэд насны энэхүү бусдын тухай ойлголт, бусдын дунд үүрэг ролио тодорхойлох, харилцах дадал, зуршилтай салшгүй хамаатай. Харин ганц ганцаараа, тус тусдаа ухаалаг хүмүүсийг нийлүүлсэн эв нэгдэлгүй үндэстэн бус, нийтээрээ нэг санал дээр нэгдэж, бусдыгаа хүлээн зөвшөөрч сонсож чаддаг улс оронд энх амгалан стрессгүй сайхан амьдрал зонхилох шиг.